Сайжруулсан түлшний угаарын хийд нэг шөнийн дотор 25 хүн хордож , тэднээс найм нь нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн “ Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний шөнө 25 хүн угаартсан. Тэднээс найм нь нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүмүүс дунд таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд байсан. Бусад нь насанд хүрэгчид байсан” хэмээн мэдэгдсэн.

Нэг шөнийн дотор найман хүн нас барсан золгүй явдлын талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллага “Мэдэхгүй” гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Зуны дэлгэр цагт ийм олон хүн нэг шөнийн дотор нас барсан явдлыг хот, дүүргээрээ ярьж, өндрөө авч, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж байх учиртай. Гэтэл холбогдох байгууллагууд ямар ч мэдээлэлгүй сууж байгаа нь санаатай юу, санамсаргүй явдал уу гэж хардахад хүргэж байна.

Урьд өдөр нь энэ ноцтой хэргийн талаар тодруулахад “Хүн угаартаж нас барсан гэдэг мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэж мэдэгдэж байсан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв өчигдөр дахин тодруулахад “Ийм хэрэг болсон байх магадлалтай байна. Гэхдээ нэг дор биш, энд тэнд гарсан бололтой” гэсэн агуулгатай тайлбарыг хийж байна. Харин Онцгой байдлын ерөнхий газар “Ийм мэдээлэл бүртгэгдээгүй. Угаарын хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт ч ирдэг. Тэндээс лавла” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Он гарснаас хойш угаарын хийн хордлогоор 46 хүн нас баржээ

Угаарын хийнд иргэд яагаад хордоод байгаа талаар, мөн зөвхөн тухайн өдөр хордлогын мэдээлэл бүртгэгдсэн үү, бусад үед гарч байгаа эсэхийг тодруулахаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг дахин зорьсон юм. Тус төвөөс өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар хордлогын нийт 2021 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1739 нь сайжруулсан түлшний угаарын хийн хордлого эзэлж байгаа аж.

Тэдний 924 нь эмэгтэй, 815 нь эрэгтэй хүн байсан бөгөөд тэдний дунд 0-17 насны 407 хүүхэд хорджээ. Харамсалтай нь угаарын хийн хордлогод он гарснаас хойш 46 хүн нас баржээ. Эдгээр харамсалтай тохиолдол Улаанбаатар хотын Багануур, Багахангай дүүргээс бусад долоон дүүрэг болон 11 аймагт бүртгэгдсэн байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар Багануур, Багахангай дүүргийн иргэд сайжруулсан түлш түлдэггүйтэй холбоотойгоор угаарт хордох явдал гардаггүй гэнэ. Хордлогын хамгийн олон тохиолдол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн байна.

Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв: Сайжруулсан түлшний угаар өнгө, үнэргүй учир мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй

Найман хүн нас барсан өнгөрсөн сарын 31-ний өдөр бороотой, сэрүүн өдөр байснаар гэр хорооллын иргэд болон зусландаа гарсан айл өрхүүд галлагаа хийж, сайжруулсан түлш түлжээ. Энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн “Бороо ороод салхилаад ирэхээр яндан цохигдоно. Яндангаар нь салхи шороо, борооны ус орж ирнэ. Түүнээс сэргийлж иргэд яндангаа аваад өрхөө бүтээчихдэг. Ингээд л угаарын хийд хордох эрсдэл бий болж байгаа хэрэг” гэж тайлбарлаж байлаа.

Энэ төрлийн хордлогын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч нар ч үүнийг онцолж байв. Энэ тухай нэгэн эмч “Дулаарахаар угаарын хийн хордлого илүү хүнд тохиолддог. Учир нь зуухаа галлаад нүүрсээ дутуу шатаж байхад өрхөө бүтээгээд унтчихдаг. Өвлийн цагт яг ид хүйтнээр хүмүүс өрхөө бүтээхдээ галаа унтарсан эсэхийг маш сайн шалгадаг. Тиймээс дулааны улиралд сайжруулсан түлшээр галлагаа хийхдээ ямар ч тохиолдолд өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна. Өмнө нь айл өрхүүд нүүрс түлдэг байхад хар утаа гарах зэргээр хүмүүс анхаардаг байж. Харин одоогийн сайжруулсан түлшний угаар бол өнгө, үнэргүй учраас хүмүүст мэдрэгдэх нь бага. Тийм учраас угаарын хийн мэдрэгчээ бүрэн дүүрэн ажиллуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгч байлаа.

Хөдөөнөөс ирсэн хүн угаарын хийн мэдрэгчийг нь салгаснаас үүдэж амиа алджээ

Өнгөрсөн сарын 31-ний орой угаарын хийд хордож нас барсан хүмүүсийн дөрөв нь Сонгинохайрхан дүүргийн иргэн байжээ. Энэ талаар тус дүүргийн 10 дугаар хорооны нэгэн албан тушаалтан “Манай хорооны нэг иргэн угаарын хордлогоор нас барсан харамсалтай явдал боллоо. Уг нь тэднийх цахилгаан мэдрэгч гэртээ суурилуулсан юм билээ. Гэвч хэрэг гардгийн урьд өдөр тэднийд хөдөөнөөс хүмүүс ирж, гар утсаа цэнэглэж байхдаа угаарын хийн мэдрэгчийг цахилгаанаас нь салгачихсан гэсэн. Түүнийгээ айлын эзэд ч анзаараагүй. Ингээд шөнө нь галлагаа хийгээд хоносон. Тэр айлын ээж нь нас барж, өсвөр насны хүүхдүүд эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай явдал болоод байна” гэсэн юм.

Хүү яндангаа аваад өрхөө бүтээж байгаа нь камерт бичигджээ

Угаарын хийн хордлогод дөнгөж цэргээс ирсэн залуу, ээжтэйгээ нас барсан харамсалтай явдал болжээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэд байж. Бороо ордог өдрийн орой талийгаач залуу гэрийнхээ янданг аваад өрхөө бүтээж байгаа нь камерт бичигдэж үлджээ. Уг хэрэг явдлын талаар талийгаачдын хөрш айлынх нь хүнтэй цөөн хором ярилцлаа.

-Болсон явдлын талаар ярьж өгөхгүй юу?

-Хөрш айлд маань эмгэнэлтэй явдал болсон талаар фэйсбүүкээс олж мэдсэн. Гэрийнхээ янданг аваад өрхөө бүтээчихсэн байсан. Угаар мэдрэгч нь ажиллаагүй юм уу, эсвэл зайгүй болчихсон байсан уу, маш харамсалтай явдал болсон. Ээж, хүү хоёр л байсан. Хоёулаа өөд болчихлоо. Уг нь бид 30 гаруй жил хөршилсөн, яриа хөөрөөтэй сайхан хүн байсан юм.

-Гэр бүлийнх нь хүмүүсээс үлдээгүй хэрэг үү?

-Хөдөө нэг хүү нь ажилладаг. Хотод ээж дүү хоёр нь л байсан. Дүү залуу нь цэргээс халагдаж ирээд 10 гаруйхан хонож байсан санагдаж байна. Ээж нь хүүгээ ирсэн гээд бөөн баяр л явсансан. Бүр Цагдаагийн академид орохоор шалгалт өгсөн, тэнцчихсэн гэсэн явж байсан хүмүүс шүү дээ. Гэтэл нэг л өдөр ийм айхтар хэрэг гарчих гэж.

-Ах дүүс нь юу гэж ярьж байх юм?

-Ажил явдалд нь оролцсон. Ах дүүс нь “Гэнэтийн золгүй явдал тохиолдчихлоо. Сайжруулсан түлш гэж айхтар зүйлээс л боллоо” гэж халагласан хүмүүс байна лээ. Өөрөөр ч яах билээ дээ. Уг нь тэр айлын хажууд төрсөн эгчийнх нь нэг хашаанд амьдардаг. Тэр өдөр бүгд ажилтай, гэртээ байгаагүй юм билээ. Ээж хүү хоёр л гэртээ байсан. Шөнийн 23:00 цагийн үед хөдөө ажилладаг хүүтэйгээ ярьсан. Маргааш нь Эх үрсийн баяр болох гэж байсан болохоор хүү нь ээж, дүү хоёртоо мэнд хүргэж ярьсан гэсэн.

-Тэр өдөр нэлээд хүйтэн байжээ. Танайх ч бас сайжруулсан түлш түлсэн үү?

-Тийм тийм. Бороотой, маш хүйтэн байсан. Хүүхэд шуухад даарчих вий гээд нүүрс түлэхээс яахав. Манайх ч түлсэн. Энэ харамсалтай явдлаас том сургамж авлаа. Угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга хянаж байх ёстой юм байна. Мөн зайг нь ч цэнэглэж байх хэрэгтэй бололтой. Дээр нь өрхөө хэзээ ч бүтээж болохгүй, байнгын салхи агаар оруулж байх хэрэгтэй юм байна. Бусад айл өрхүүдэд ч үүнийг сэрэмжлүүлмээр байна гэсэн юм.

Сайжруулсан түлш чухам яагаад хүмүүсийн амь насанд хүрээд буй нарийн шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, лабораторид шинжилж асуудлыг нэг мөр болгосон тайлбар мэдээлэл өнөөдөр хүртэл байхгүй байгаа юм. Бүр нэг шөнийн дотор найман хүн нас барсан явдалд холбогдох хүмүүс ч дохио сэрэмж авсан юмгүй, “Мэдээлэл байхгүй” гэдэг тайлбартай сууж байна. Ийм эмгэнэлт явдал дахиад ч гарахыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн байгууллагууд иргэдийг угаарын хийн мэдрэгчээ ажиллуул, сонор сэрэмжтэй байх гэхээс өөр тайлбаргүй сууцгаана. Гэвч зөвхөн иргэдийн сонор сэрэмжээс гадна сайжруулсан түлшний найрлага ямар болоод байгаа асуудал ч анхаарал татаж байна