Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа энгийн зочид буудал, дэн буудлуудын удирдлага, менежерүүд болон үйлчилгээний ажилтнуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэргэжил сурталчлах сургалт энэ сарын 10-12-ны өдрүүдэд  боллоо. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ш.Ундармаагаас тодрууллаа. 

-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг хийж байгаа гэсэн. Хөтөлбөр болоод сургалтын талаар тодруулаач?
   
-Нийслэлийн Засаг дарга даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулсан. Сургалтын хувьд танхимын болон үзүүлэх  гэсэн хоёр хэлбэрээр явууллаа. Үзүүлэх сургалтаар нийслэлийн шилдэг зочид буудлуудыг сонгон авч тухайн дүүргийн зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж, зочид буудлын үйлчилгээний стандарт шаардлага, түүний хэрэгжилтийг бодитоор үзүүлж тайлбарлах, мэргэжлийн ажилтны ур чадварыг биечлэн үзүүлсэн. Харин танхимын сургалтаар зочид буудал, дэн буудлын үйлчилгээ эрхлэгчдэд харилцаа ёс зүйн хандлага, хууль эрх зүй, стандартын талаарх мэдээлэл өгсөн юм. 
   
-Сургалтын зорилго юу вэ. Ингэснээр ямар үр дүнтэй гэж та үзэж байна?
   
-Энэхүү сургалт нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ болон ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилготой хоёр дахь жилдээ болж өнгөрлөө. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын зочид буудлуудын холбоо болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд холбогдох салбар хариуцсан мэргэжилтнүүдээс гадна нийслэлийн төвийн зургаан дүүргийн 30 гаруй зочид буудлын менежерүүд оролцсон юм. Сургалт зохион байгуулснаар нийслэлийн зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ, стандартын шаардлага хангаж буй байдал, эрүүл ахуй, аюулгүй байдлын төвшинд ахиц гарна гэж үзэж байна.
   
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн буудал байдаг вэ. Стандартын шаардлага хангаагүй буудал зөндөө байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна? 
   
-Нийслэлийн хэмжээнд 450 гаруй зочид болон дэн буудал байдаг. Үүнээс 100 гаруй нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Мөн Улсын хэмжээнд 67 зэрэглэлтэй зочид буудал байгаагийн 80 гаруй хувь нь Сүхбаатар дүүргийн нутагт төвлөрдөг. Монгол улсын хэмжээнд манай салбарт зэрэглэлийн болон дэн буудлын стандарт, зочид буудалд тавигдах ерөнхий шаардлагын стандарт гэсэн үндсэн гурван стандарт хэрэгжиж байна. Энэ стандартыг хэвшүүлэх тал дээр их бодлоготой ажиллаж байгаа юм. 

Ө.Энх-Амгалан

Эх сурвалж: www.mminfo.mna