Мөнгө аваад  муу муухай зүйл хийлгэдэг хүмүүсийг хөлснийхөн буюу хөлсний алуурчид гэж нэрлэдэг. Үүнтэй адил УИХ-д эрх ашгийн  төлөө юу ч хамаагүй хийдэг бүлэг хүмүүс байдаг болж.

Өөрийн идэх халбага хоолны төлөө иргэдийнхээ идэх тогоо шөлөнд хор хийхээс буцахгүй хүмүүс хууль санаачилж, баталдаг эрх мэдэлтнүүдийн  талаар сүүлийн үеийн хэд хэдэн жишээ байна л даа. 

Саяхан баахан дуулиан болж,  амтай болгон ярьсан давхар дээл тайлах асуудал байна.  Бүх л шатанд хэлэлцээд чуулганы эцсийн хэлэлцүүлгээр уначихсан. УИХ-ын дарга “Түүхэндээ эцсийн хэлэлцүүлгээр хууль унаж байгаагүй. Бодолцоорой,  та нар” гэж хэлж байсан даа.

Ерөнхийлөгч 2016 оноос дан дээлтэй болгохоор оруулж ирсэн хуулийг 2014 оноос болгоё гэж МАН-ынхан  Н.Алтанхуягийн Засгийн газрыг  унагахаар өөрчилж, тэр санал нь Ардчилсан намын Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт болон О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын саналыг тохирч авснаар эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд явчихсан.   

Харин эцсийн хэлэлцүүлгээр  энэ хуулийг  бүрмөсөн  унагасан. Угтаа Ерөнхийлөгчийн санаачилснаар 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирж баталж болох байв. Угтаа  МАН 2016 онд өөрсдөө  хэрэв сонгуульд  ялбал давхар дээлтэйгээ байх хүсэлтэй байсан. Тиймээс хуулийн хугацааг нааш татаж буй нь давхар хонжоо хайсных.  Засгийн газрыг унагах эхний сонирхол мөн  АН-ыг дотор нь хагалах, цаашлаад АН 2014 он болгох саналыг унагалаа гэхэд муу нэр нь МАН-д биш АН-д ирнэ.    Энэ захиалгыг нь хөлсний хүмүүс нь гүйцэтгэчихсэн. Үр дүнд нь МАН дан дээлтэй болохыг хүсээд АН давхар дээлтэй байхыг хүсээд байгаа гэж ойлгуулж чадлаа. Хэдийгээр эцсийн хэлэлцүүлгээр 2014 болгож оруулж ирсэн хуулийн төсөл дэмжигдээгүй унасан ч  МАН өөртөө оноо авлаа. 

Ийнхүү анх байснаасаа буцаж эрх бариагүй намынхантай нийлж  ямар нэгэн эрх ашиг байна. Даваадуулж хэлэхэд энэ бүхнийг хөлсөөр хийсэн гэж харж байнам. Юугаар, ямар хөлсөөр, ямар тохироогоор хийснийг амьдрал яваандаа харуулна биз. 

Казиногийн хууль байна. АН,  МАН-аас  хэн ч санаачлаагүй. Мэдээж аль эрт санаачилсан гишүүд нь шоронгийн хаалга татаж, нэлээд ч үгүй хэл ам дагуулсан. Энэ  хууль яагаад дэмжигддэггүй гэвэл казино байгуулах, байгуулахгүй байх хоёулаа захиалагчтай. Хоёр талын ашиг сонирхол зөрчилддөг учраас энэ хууль гарахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч дараагийн сонгууль дөхөж байхад яагаа ч билээ, хэл ам таталсан энэ хуулийг хэрэгтэй гэж үзсэн ч санаачилж оруулж ирэхгүй өдийг хүрсэн. Гэтэл МАХН-ын Ц.Оюунбаатар гэнэт санаачилж, УИХ-ын Тамгын газраар сэтгүүлчдийг дуудуулж ирээд л ярилцлага өгч  сүйд болов. Энэ нөхөр гэнэт яагаад энэ хуулийг санаачилж,  тэр байтугай хэвлэлийнхнийг цуглуулж сурталчаад эхлэв. Өөрөө ч гэсэн хөлсөөр л хийж байгаа гэж биз хардахад хүргэж байна. Хэвлэлийн дайснаар тодроод, хэвлэлийнхнийг үзэж чадахгүй байсан тэрээр  Казиногийн хуулиа лүндэгдэж байж сурталчлуулаад санаачилсан хуулиа муулуулахаас урьдчилан вакцин хийж байгааг эрхэм уншигч гадарлах буй за.

     Шилэн дансны хууль байна. Хэдийгээр ялихгүй шалтаг хэлж буцаасан ч Ерөнхийлөгчийн зүгээс дахин өргөн барьж  байгаа. Аль хэдийнээ хэлэлцээд баталж болох байлаа. Төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтээрээ хянах боломжтой энэ хууль их л хэрэгтэй юмсан. “Нэр нь зөв үү, буруу юу, олон улсын жишгээр үнэхээр ингэж нэрлэж болдог уу, судалмаар байна” гэсэн шалтгаар буцаачихаж байгаа юм. Төрийн мөнгийг хэрхэн өөрсдөө ашиглаж зувчуулдгийгаа нуух гэж эмээж л буцаасан хэрэг. Тэрнээс биш ийм хууль хэрэгтэйг улстөрчид мэдэхгүй л байв гэж дээ.  

Энэ мэтээр хүчээр шийдвэр гаргуулдаг гишүүд УИХ-д байна. Унагах хуулиа зориуд унагана.  Өөрсдөд нь хэрэгтэй гэж үзвэл  олон нийтэд хэрэггүй байсан ч баталж орхино. Дээрхээс харахад хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч ажил гүйцэтгэдэг байгууллага болж. 

УИХ-д шантаажчид рекетчид олон гэж олны ярих үг ортой бололтой.  Тэд бизнес эрхлэгчид Засгийн газар, гадны хөрөнгө оруулагчдыг ажил хийлгэхгүй шантаажилдаг. Төрийн бүх институциуд нь улстөрчдөд барьцаалагдаж ажил хийх боломжгүй болсон. Монголын лидерүүд нь бодлого гаргагч, шийдвэр гаргагчид шиг харагдавч фракц,  бүлэглэлийнхэндээ  таалагдах гэдэг.  Тэднийг дагагчид  нь бас удирдлагадаа таалагдах гэдэг. Ард түмэн харин тэс  өөр зүйл хүсдэг.  Гэтэл эрх ашигтаа барьцаалагдсан улстөрчид нь  “Тэр  илүүг хүртэх гээд байна, би яагаад  бага идэв” гээд л хомхой сэтгэлээр асуудалд хандсаар. 

Энэ мэтээс болж, үйлдвэржилт, төмөр зам, цахилгаан станцууд гацчихсан. Овоо нэг юм бүтэх нь дээ гэхээр л нэг хөлсний хүн гараад ирнэ. Нэг хэсгээрээ болоод эсэргүүцнэ.  Хэний захиалга вэ. Захиалагчийн сэтгэлд нийцэх гэж өөрийн эрх ашгаа бодож нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа улстөрчдийг ийм л учраас “Хөлсний алуурчид”-тай зүйрлэв. Тэд өөрсдийн хүслээр биш дохиураар л  ажлаа гүйцэтгэж байна. Ингэж гаргасан  шийдвэр чинь нэг хүнийг захиалгаар буудаж хороосноос илүүтэй үр дүнг нийт монголчуудад авчирч байгаа шүү. 

М.СҮЛД