Нийгмийн сүлжээнд Эрээний хилээр орж ирэх гэсэн хүмүүсийн хэт их бөөгнөрөл, дараалал үүссэн тухай бичлэг тархсан. Жижиг тэрэгний тээвэр, чингэлэгтэй ачаа бараа хилээр хэрхэн нэвтэрч байгааг Замын-Үүдэд ачааны тэрэгний жолоочоор ажиллаж байгаа иргэн Д.Мөнхбатаас тодрууллаа.

- Эрээн-Замын-Үүдийн хил дээр оочер дараалал ихээр үүсээд байна гэх. Ямар шалтгаанаар дараалал бий болоод байгаа вэ?

- Зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсонтой холбоотойгоор хил хаагдаж, удаагаар нь зургаадугаар сарын 4-ний өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр гэж ойрхон хугацаанд хоёр дараалан хил хаасан.

Ингэж хааснаас болоод өдөрт 300-400 машин гардаг байсан давтамж нь 600, 900 болж нэмэгдэж, тэр нь одоо болтол хэвээр байгаа юм.

- Арав гаруй км үргэлжилсэн машины дарааллаас гадна аялал жуулчлал, худалдаа наймааны зорилгоор хилээр гарах хүмүүсийн дараалал ихсэж, жижиг тэрэг олдохгүй байгаа гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

- Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй зэрэгцэн бүх хөл хорио тавигдсан. Энэ нөхцөлд хөл хөдөлгөөн ихсэх нь угаасаа тодорхой. Автобусаар 5-10 минутын зайтай 40-50 хүн зөөж, Хятадын хил дээр ирж байгаа учраас бөөгнөрөл үүсээд байгаа юм. Арван автобус ирлээ гэхэд 400 гаруй хүн болчихно. Түүнээс биш урсгалаараа явдаг жижиг тэрэг нь байсан бол юу гэж иймэрхүү асуудал үүсэх вэ дээ.

Автобусаар ирснээс үүдэн олон хүн мэт харагдаад байна. Яг тоо баримжаа аваад үзвэл өдөрт 2,000 хүрэхтэй үгүйтэй бага хүн л байгаа. Одоогийн нөхцөлд жижиг тэрэгнийхээ асуудлыг л маш хурдан шийдэх хэрэгтэй. Уг нь жижиг тэрэгнийх нь журам ирээд батлагдчихсан юм байна лээ. Гэвч ажил нь урагштай явахгүй, хэчнээн ч бүртгэл хийж, хэчнээн ч журам бүртгэж, хурал хийдэг юм. Замын-Үүдэд болж бүтэж байгаа зүйл ерөөсөө алга.

- Хоёр хилийн гааль хоёулаа нэг бүртгэлийн аппликэйшнтэй, тэр аппликэйшн нь гацсанаас болоод Wechat-гүй хүмүүс учраа олохгүй байна гэх юм. Үүний талаар мэдээлж болох уу?

зураг

 

Өдрийн сонин

-Хятад руу гарч буй хүмүүс онлайнаар эрүүл мэндийн хуудас бөглөж байгаа. Манай талаас гарахад бөглүүлэлгүй орж ирэхэд нь л бөглүүлж. нөгөө талаас орж гарахад хоёуланд нь бөглүүлээд байгаа юм. Онлайнаар 20 гаруй асуулттай хуудас бөглөөд нэг нь л буруу байхад хаалт нь нээгдэхгүй буцаагддаг. Одоо аль аль талдаа хорио цээр цуцлагдчихсан юм чинь түүнийг болиулах талын л арга хэмжээ авахгүй бол тэр нь маш хүндрэлтэй байна.

Одоо хилийн боомтын захиргаатай болчихсон юм чинь иймэрхүү жижиг сажиг зүйлсийг авч хаявал таарна. Нэгэнт л хөл хорио цуцлагдчихсан байхад жижиг нарийн асуудлуудыг манайхан ерөөсөө ажил болгож хийхгүй байна.

- Арав гаруй км үргэлжилсэн дараалал нь одоо багассан уу, хэвээрээ байгаа юу?

- Хоёр өдөр хил хааснаас болж манай энд том тэрэгний оочер мөн адил ихэссэн. Сая зургаадугаар сарын 5-нд хил нээгдэхэд бөөгнөрөл үүсчихсэн байсан юм. Бараг 1000 орчим ачаат тэрэгний дараалал үүсчихсэн байсан. Би өчигдөр (уржигдар) гараад өнөөдөр (өчигдөр) орж ирэхэд Хятадын талаас автомашины гаалийн бичиг маш хурдан шуурхай гараад бөөгнөрөл нь арилчихсан байна. Харин манай талаас л удаад гацалттай нөхцөл байдалтай байна.

- Дараалал үүсэхэд нөлөөлж буй өөр хүчин зүйлс юу байна вэ?

- Одоогийн нөхцөлд Хятадын талтай л маш хурдан ойлголцож шуурхай ажилладаг болох хэрэгтэй. Хилээ нэг өдөр хаалаа гэхэд дараагийн өдрүүддээ үүссэн оочер дарааллаа шингээж хэвэнд нь оруулж чаддаг нөхцөлд орохгүй бол нэг оочер үүсэж, хойш ухарчихаар тэр чигтээ үүсээд яваад л байгаад асуудал байна. Энэ асуудал дээр нэмэгдээд гаалийн шинэчилсэн бүртгэл гээд маш удаан онлайн бүртгэл нэмэгдчихсэн. Үүнийгээ түр зуур хойш тавьж түргэн шуурхай хилээр нэвтрүүлдэг асуудлаа нэгд тавихгүй бол манайхан дандаа л хоцрогдож, хаа сайгүй оочер дараалал үүсгэдэг байж болмооргүй л байна. Техник технологи хөгжчихсөн. шинэ боомт баригдаад явж байгаа ч гэсэн хуучин хүмүүсийнх нь ур чадвар нөгөө л нэг байрандаа хэвээрээ байгаа нь байж боломгүй зүйл.

- Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншиж байхад манай улстай л ингэж харьцдаг бусад улсаас ирж байгаа жуулчдад ийм хүндрэл гардаггүй гэсэн байсан. Ялгаварлан гадуурхалт явагдаад байна гэж бас харагдлаа л даа?

- Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Манай талаас ажилдаа хандаж буй хандлага хэцүү байна. Эндээс хоёр хоног гааль дээр гацан оочерлож очиход та нар шинэчилсэн бүртгэлээрээ заавал бүртгүүл гэж хэлдэг. Маш их оочер дараалалтай байхад та нар өмнөх бүртгэлээрээ бүртгээд явуулчих л даа гэж хэлдэг ч өөдөөс "Тэр оочер дараалал бидэнд ямар хамаатай юм" гэж гаалийнх нь хүмүүс хэлээд сууж байна. Ийм оочер дараалал үүсгэчхээд ингээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ мэтийн жижиг сажиг хандлагаа өөрчлөөд ажилдаа идэвхтэй байвал өнөөдрийн энэ 300 машин гаргах, 2,000 хүн орж гаргах эсэх нь техник технологи хөгжчихсөн энэ үед асуудал биш шүү дээ.

- Гаалийн байгууллагаас өөр төрийн албаны ямар байгууллага тэнд ажилладаг вэ. Өнгөрөгч долоо хоногт гаалийн оочер дараалалтай холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас мэдээлэл тодруулахад тэр зохицуулалтыг манайх хариуцдаггүй, хилийн цэрэг хариуцдаг гэсэн хариулт өгсөн л дөө?

- Хил хамгаалах ерөнхий газар, Авто тээвэр , Замын цагдаа зэрэг нь Замын-Үүдийн бүс дотор ажилладаг. Хил дотроо хилийн цэрэг, гааль зэрэг л ажиллаад байгаа юм. Хилийн цэргээс шалтгаалаад байгаа зүйл байхгүй. Гол нь гаалийнхан л тухайн өдөрт нь тохирсон машин зэргийг олгож шуурхай ажилламаар байна. Манайд хамааралгүй гэж өөрсдөөсөө асуудлаа зайлуулчхаад суугаад байгаа юм. Энд амьдарч байгаа хүний хувьд бүгдэд нь л хамаатай шүү дээ. Одоо Хятад талдаа оочер нь гайгүй болчихсон. Ийм нөхцөлд манайхаас өдөрт хилээр гарах машины тоогоо тогтоож, тэр хэмжээндээ өгч авалцаад байвал ямар нэгэн оочер дараалал үүсэхгүй. Монголд хууль гаргаж Бурхан багшийн Их дүйчин өдөр гэх мэтчилэн баяр тэмдэглэдгээ болимоор байна. Үүний ард маш олон хүмүүсийн амьдрал. бизнес явж байгаа. Ийм өдрөөр хилээ хааж баярлацгаадаг тэнэг улс монголоос өөр байхгүй. Энэ мэтийн жижиг сажиг хорлонтой зүйлсээ болимоор юм.

Хагас сайн өдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр Эрээний хилээр орж ирсэн иргэн П.Дуурьмаатай уг бөөгнөрөл яагаад үүссэн талаар ярилцлаа.

- Та хэзээ урагшаа гарсан юм бэ?

- Би саяхан яваад ирсэн. Өнгөрсөн Бямба гарагт буцаж ирсэн.

-Таныг ирэхэд бөөгнөрөл дараалал хэр байсан бэ?

- Намайг явахад бөөгнөрөл бараг байгаагүй. Буцаж ирэхэд харин зөндөө хүн бөөгнөрчихсөн байсан.

- Юунаас болж тийм оочер дараалал үүссэн юм бол?

- Машин бүрд эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Түүнийг унших аппликэйшн нь ажиллахгүй. Хүмүүс буруу бөглөөд, нэлээд буцаагдаж байсан. Эрүүл мэндийн хуудаснаас болж л тэр дараалал үүсдэг байх.

- Тэр эрүүл мэндийн хуудсыг яаж бөглөдөг юм бол. Хүмүүс бөглөхөд хүндрэлтэй байдаг уу?

- Тэр асуулга дунд нь хятад хүний нэр, хятад дугаар гээд байдаг. Тэрэн дээр хүмүүс маш их алддаг. Би ч хил нээгдсэнээс хойш 2-3 яваад ирсэн болохоор туршлагатай болчихсон. Сая буцаж наашаа гарахад паспорт уншдаг юм нь ажиллахгүй байсан. Уг нь цахим болчихсон гээд байгаа. Гэтэл тэр цахим машинууд нь үе үе ажиллахаа болиод иргэдэд чирэгдэл учруулж байгаа юм.

- Тэр эрүүл мэндийн хуудсыг урьдчилж хариулаад, хилээр гарахдаа бэлтгээд очиж болох болов уу?

- Утсаар аппликэйшнийг нь татаад л шууд бөглөчихдөг. Гэтэл тэр өдөр болохгүй байсан. Аппликэйшн нь тэр өдөр гацчихсан. Урьдчилж бөглөөд очиж болно. Асуулгыг шууд аваад л хурууны хээг машинаар уншуулаад л шууд гаргачихдаг.

- Жижиг тэрэг олдохгүй автобус удаан хүлээдэг гэсэн зүйл яригдаад байна л даа. Танд тэр талаар ажиглагдсан зүйл байна уу?

- Жижиг тэрэгний хэрэгцээ тэнд маш их байна. Яагаад гэвэл автобусаар явахад хугацаа нь болоогүй бол удаан хүлээнэ. Жижиг тэргээр бол асуудалгүй ачаа бараагаа аваад гарчих боломжтой. Жижиг тэргийг явуулах хэрэгтэй байгаа юм. Автобус нь ихэнх нь хятад талынх явж байгаа. Жижиг тэрэг яваад эхэлбэл иргэд тэнд автобус хүлээх шаардлагагүй болно. Миний хоёр дахь явалтан дээр жижиг тэргийг явуул гээд Замын-Үүдийн жолооч нар бослого гаргачихсан байсан шүү.

- Тэгээд жижиг тэргийг явуулж эхлээгүй л байна уу?

- Явуулаагүй. Уг нь явж эхэлбэл зүгээр дээ. Ядаж Замын-Үүдэд байгаа монгол хүмүүс хэдэн хүн зөөгөөд мөнгө төгрөгтэй болчихно шүү дээ. Бид ч гэсэн жижиг тэрэг явбал автобус хүлээхгүй биед амар болох юм л даа. Хятад талын хүмүүсийн харилцаа, жижиг тэрэгний асуудлыг шийдчихвэл уг нь тийм асуудал үүсэхгүй л дээ.