Засгийн газраас өнгөрсөн оны 4-р сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК”-д хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн дүгнэлтээр улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байдаг. Энэ их хэмжээний тоон дотор анхаарал татахуйц олон баримт байна.

Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийг 2014 онд концессоор авсан Кью эс си компани хөрөнгө оруулалт хийж 6 төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл тус компани уурхайн ам руу төмөр зам, авто зам барьж байгуулан улсад өгсөн ч эргүүлэн улсаас 240,8 тэрбум төгрөгийг авчээ. Өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг хийнэ гэж гэрээлсэн ч тус үүргээ биелүүлэлгүй улсын төсвөөс 240,8 тэрбум төгрөг авсан байгаа юм.

Гэх мэтчилэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цөлмөсөн түүхүүд үргэлжилж байна. Хууль хяналтын байгууллагынхан эдгээрийг нэг талд нь гаргаж, шийдвэрлэсэн нь үгүй өнөөдрийг хүрлээ. Харин олон нийт хүртэх ёстой байсан өгөөжийг үгүй хийсэн эрх мэдэлтнүүд энэ дунд хожиж байгаа нь энэ.