Хэдхэн хоногийн өмнө (2023.06.22) УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, гишүүдийн 57.8 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр ирэх намар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах эсэхийг хэлэлцэх болсон. 

Харин хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөлд заасан соёлын ваучер олгох асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ойлгохгүй байна, талон олгох юм уу” хэмээн шүүмжилж асуулт асуусан. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд талон олгох асуудал огт тусгаагүй, соёлын ваучер олгох нь олон улсад соёлын үйлчилгээг түгээдэг жишиг хөтөлбөр” гэдгийг Соёлын сайд Ч.Номин тайлбарлаж байсан. 

 

Сошиал сүлжээгээр халамжийн талон шиг талон тараах нь гэсэн худал мэдээлэл сэвэгдэж эхэлсэн. Харин энэ асуудалд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн Соёлын сайд Ч.Номинг дэмжжээ.

 

Тэрээр “Францад Соёлын талон тун амжилттай хэрэгждэг. Үүгээр дамжуулж бид бүх залуу үед соёлын түүхэн өвүүд болон орчийн үеийн соёлын бүтээлч үйл ажиллагаануудад нэвтэрч, танилцах боломжийг олгодог юм” хэмээн жиргэжээ. 

 

сонин mn

Соёлын ваучер хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ямар улс орнууд байна вэ?  

Зөвхөн Франц төдийгүй Европын олон орон Соёлын ваучер хөтөлбөрийг залуу үейинхэндээ зориулж хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, ХБНГУ-ын  “KulturPass” хөтөлбөртэй ижил төстэй арга хэмжээг Итали, Испани улсуудад хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Герман улсад л гэхэд тус хөтөлбөрт 750 мянга гаруй иргэн хамрагдахаар болжээ. 

 

ХБНГУ-ын засгийн газраас хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр “KulturPass” нь 18 нас хүрсэн хүн бүр музей, кино, театр, тоглолт зэрэг мэргэжлийн соёлын арга хэмжээнд хамруулах зорилгоор 200 еврогийн эрхийн бичиг олгох аж. Эрхийн бичгийг Германд амьдарч буй бүх хүүхэд залуучууд харьяалал харгалзахгүй авах боломжтой. “KulturPass” вэбсайт болон аппликейшныг татан бүртгүүлэх боломжтой бөгөөд сонирхсон соёлын арга хэмжээндээ бүртгүүлэн ашиглах боломжтой юм. 

 

“KulturPass” нь Германы засгийн газраас тус улсын соёлын салбарыг дэмжих өргөн хүрээний зорилтын нэг хэсэг юм. Түүнчлэн энэхүү эрхийн бичиг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжгүй залуу үеэ дэмжих, ковид-19 цар тахлын нөлөөгөөр нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан залуу үед дэмжлэг болох мөн шинэ найз нөхөдтэй болох соёлын талаар суралцах, бүтээлч байдал болох шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална. Түүнчлэн өсвөр насандаа аливаа соёлын үйлчилгээнд хамрагдсанаар насан туршдаа соёл хүртэгч иргэн болж төлөвшинө гэж үзэж байна.