Цагдаагийн байгууллагад долдугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаа аж. 

Ослын улмаас өөр хүн гэмтэж, бэртээгүй бөгөөд УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын хоёр иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй байна.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг зөвлөж байна. 

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
  • Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх
  • ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Жолоодох эрхгүй этгээд болон эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх