Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж  байгаа ажил болон гэр хороололд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцсан байна.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 11 байршилд нийт 7,1 га талбайд тохижилт хийж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр ажлуудаас гэр хороолол дунд байгуулагдаж буй 3 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн юм.

“Гүнжийн нуур” нь өвөрмөц тогтоцтой, ус нь дундардаггүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, зугаалах орчныг 2,2 га талбайд бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлээс 441 сая төгрөгийг зарцуулж байна. Хөрөнгийн асуудал хугацаандаа шийдэгдвэл 7-р сард Хотын захиргаанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгийг төсөл гүйцэтгэгч хэллээ.
Харин нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ

“Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олон байршилд байгуулахаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багагүй тохижилтын ажил хийсэн. Одоо ч үргэлжилж байна. Хэдийгээр нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай газар бий болсон ч 1,3 сая иргэнд нэг цэцэрлэгт хүрээлэн хангалттай биш. Тиймээс бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.
Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэх дараагийн ажил нь Тасганы овоон цэцэрлэгт хүрээлэн. Нийслэл Дэлхийн банкны “Цэвэр агаар” сантай хамтран санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд Чингэлтэй дүүрэгт байрлах Тасганы овооны 1,7 га газрыг бүхэлд нь зүлэгжүүлэн, тохижуулах юм. Тохижилтын ажлын төлөвлөгөө, зураг төсөл бэлэн болсон бөгөөд 7-р сард ажил нь эхэлж 9-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж  байгаа ажлын нэг  жишээ нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны байшин хороолол дундах 2000 м/кви талбай юм. Тус газар нь бүхэлдээ сул шороо байсан бөгөөд засаж, тохижуулснаар хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж болжээ. Нийт 2000 м/квт талбайн 1000-ыг нь зүлэгжүүлж байгаа бол үлдсэн хэсгийг цементэлж хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн шийд суурилуулж тохижуулжээ. Уг ажлыг “Баз Асар” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс 265 сая төгрөг зарцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүцэтгэлтэй,  төлөвлөгөөний дагуу 6-р сард сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.