Нийслэлд өчигдөр орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Үерийн улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртсөн байна. Зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дуусжээ. 

Одоогоор 37 байрны усыг соруулж байгаа аж. Харин 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөсөн байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ "54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Одоогоор 53 дэд өртөөний 11 мянган хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ.

Нэг дэд өртөөний 4,036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж байна" гэв. 

Түүнчлэн Баянзүрх дүүрэгт гурав, Сүхбаатар дүүрэгт долоо буюу нийт 10 барилгын зоорийн усыг соруулаагүй байна.