Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэрэг хойд солонгосчуудад зодуулж гэмтсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нь мандсан.

ЗХЖШ-ын дэд дарга “Номин констракшн” компанийн барилгад цэргүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр ажиллуулснаас ийм асуудал болсон” гэдгийг хэлсэн. Энэ дуулиан намжаагүй шахам байхад тус ангийн дансанд бүртгэлтэй “Т-72” маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг явдал Говьсүмбэр аймгийн нутагт болжээ.

Албаны эх сурвалжуудын ярьсанаар Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч цолтой Ж нас барж, гурван хүн гэмтсэн байна.

Хэдийгээр өчигдөр ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулг үй байдлын хэлтсээс зам тээврийн осол, хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн ч энэ тухай дурдаагүй нь хачирхалтай. Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 20 танк ангийн байрлалаас гадуур буюу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очиж, сургалт бэлтгэл хийж байжээ. Энэ үеэр танкчин овгор шороон дээгүүр танкаа харайлгахдаа хурд хэтрүүлснээс хөмөрч, дээр нь сууж явсан гурван хүн тал тал тийшээ үсэрснээс хүнд гэмтсэн байна. Жолоо барьж байсан хүн нь газар дээрээ нас барсан гэнэ. ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ- 2014” сургуульд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүс ийнхүү осолд өртжээ. Гэмтсэн гурван хүн нь өдгөө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.