Иргэн О.Энхмаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хоёр жилийн өмнө КОВИД-19-ийн санхүүжилт гэж найман их наяд төгрөг Эрүүл мэндийн сайдын эрх мэдэлд очиж захиран зарцуулагдсан. Харамсалтай нь үүнийг олон нийтэд мэдээлээгүй. Энэ талаар 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр АТГ-т гомдол гарган шалгуулж, хэрэг үүсгүүлсэн хэдий ч нийслэлийн прокуророос хаасан. 

Түүнчлэн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байх үед 24 тэрбум 700 сая төгрөгийн 1,000 орны багтаамжтай хээрийн эмнэлгийг иж бүрэн тоноглолтой нь гардуулж өгч байсан. Тус хээрийн эмнэлэг нь үерийн гамшиг тохиосон энэ үед жинхэнэ ашиглагдах байтал гаргаж ирэхгүй байгаа учраас ийнхүү Д.Сарангэрэлийг АТГ-т өгч байна" гэлээ. 

Мөн тэрбээр Д.Сарангэрэл гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2020 онд 369 сая төгрөг байсан бол 3 тэрбум 652 сая төгрөг болтлоо гэнэт өссөн нь хээрийн эмнэлэгтэй холбоотой гэж хардаж байгаагаа онцоллоо. 

Иймд хээрийн эмнэлгийг ард иргэдэд гаргаж ирж үзүүлэх мөн КОВИД-19-ийн үеэр орж ирсэн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх тайлангаа тавих шаардлагатай байна хэмээв.