Ардчилсан Нам (АН)-ын 4/11 мэдээллийн цаг боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг хүргүүлэв. 

АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "2023 он гарсаар 100 гаруй автомашин үерт урссан. 350 гаруй айл өрх үерт орон гэрээ живүүлж, дөрвөн хүн амь насаа алдаад байна. Тусгай дугаараар 24 цагийн турш иргэдээсээ мэдээлэл авсан. Үер болсон газарт АН-ын 400 гаруй залуу гурван өдөр ажиллалаа. Иргэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. 

Үерийн улмаас дөрвөн хүн амь насаа алдчихаад байхад эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэж байгаа зарим албан тушаалтныг огцруулах саналыг иргэдээс ирүүлж байгаа. Улс төрийн намын хувьд бид хариуцлага нэхэх цаг болсон байна. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцрохыг шаардаж, албан шаардлага хүргүүлж байна. Хэрэв ажлын гурав хоногийн дотор шийдэлд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээв. 

Түүнчлэн "Нийслэлийн Засаг дарга эрсдэлийн үнэлгээ хийлгэн, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар шуурхай хангасан бол өнөөгийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Холбогдох албан тушаалтнууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэнгүй. Үер дахин болж, дөрвөн хүн амь насаа алдлаа. Монгол Улсын төр иргэдийн эрүүл амьд явах эрхэд ноцтой хохирол үзүүлж болдог гэдгийг бид харлаа. 

Туршилтыг амьтан дээр хийдэг. Монгол хүний эрдэнэт амь туршилт биш. Дарга нар ажлын байран дээрээ ажлаа хийдэггүй, цагтаа ирдэггүй" хэмээв.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг өөрт нь өгөх гэсэн боловч ажил дээрээ байхгүй байсан тул Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга хүлээн авлаа. 

Энэ үеэр АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга Н.Гансүх "Д.Сумъяабазар гэдэг хүн дөрвөн хүн амь насаа адчихаад байхад яагаад албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм бэ? Түүнийг хотын даргаар ажиллахыг иргэд дэмжихгүй байна. 

Хотын даргыг бид сонгоогүй. Улс төрийн томилгоогоор гарч ирсэн хүн бид нарыг удирдаж байна. 18,552 хүн хотын даргыг огцруулахыг шаардаж, гарын үсгээ зурсан. Энэ бол иргэдийн хүсэлт бөгөөд АН-ын улс төр биш. Ажлаа хийж чаддаггүй хариуцлагагүй хотын даргыг огцруулах нь шударга ёс болоод байна. Бид 72 цаг тэвчээртэй хүлээнэ. Албан ёсны хариу ирэхгүй бол илүү олуулаа болж дахиж ирнэ.

Үерийн асуудал давтагдсан. Анхны болон дараагийн үер дээр сайн ажилласан бол дөрвөн хүн амь насаа алдахгүй байсан. Хэрвээ хувийн хэвшил байсан бол, төрийн албанд ажлаа сайн хийгээгүй бол огцордог. Гэтэл улс төрийн томилгоо учраас намын бүлэг дээр ярилцсан гэдэг байдлаар хотын дарга нь хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй. Тэгсэн мөртлөө хэвлэл мэдээлэлд мөнгө их зарцуулдаг" хэмээн шүүмжлэв. 

Түүнчлэн "Нийслэлийн төсөв түүхэнд байгаагүй дүн буюу 1.7 их наяд төгрөг. Энэ мөнгөний 0.06 хувь нь гамшигт хамаарч байна. Хэвлэл мэдээллээр дандаа хотын даргыг магтдаг. Шүүмжилсэн сэтгэгдэл бүрийн устгаж байгаа. Монгол Улсад үзэл суртлын агуулгатай үйл явдал өрнөж байна.

Дараагийн хотын даргыг нийслэлчүүд өөрсдөө сонгодог, ажиллаж чадахгүй бол огцруулдаг тогтолцоо руу бид орох ёстой. Шинэ үе учраас ах нараас айхгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг ард түмэн хамгаална гэж ярьсан. Тэгвэл та одоо ард түмнээ Д.Сумъяабазараас хамгаална уу. Хэрвээ танд шударга ёсны илд байдаг юм бол нэг удаа гаргаж ирж үзүүлээч. Хотын даргад хариуцлага тооцмоор байна" гэдгийг хэллээ.