МИАТ компани алсын зайд нислэг үйлдэх В787-9 агаарын хөлгөө өнөөдөр албан ёсоор хүлээн авч байна.

Хөлгийг "Meilan" нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нисгэн, Улаанбаатарт амжилттай буулгалаа.

"Хубилай хаан" хэмээн нэрлэгдэж буй уг агаарын хөлөг нь өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй юм. 

МИАТ компани эхний ээлжид уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэнэ.

 Зорчигчийн тав тухын хувьд:

  • В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том
  • Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой
  • Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ирлээ. Дараагийнх нь 2024 оны хоёрдугаар улиралд ирнэ.