Солонгосын JTBС телевизийн бүтээл "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэг наймдугаар сарын 18-наас цацагдахаар болсон.

Энэхүү шоуг Монголын үзэгчдэд хүргэхээр "Филм Арк дистрибьюшн" албан ёсны эрхийг нь авсан байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Хонгороо энэ талаар "Уг шоу наймдугаар сарын 18-нд JTBC сувгаар солонгос үзэгчдэд хүрэх бөгөөд бид наймдугаар сарын 19-нөөс Монголын үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Тодруулбал Central телевизээр наймдугаар сарын 19-ний 20:00 цагт гаргана. Харин дараа өдрөөс нь буюу 20-ноос Voo, PlayМo болон Ори платформд дуу, дүрсний өндөр чанартайгаар орох юм. 

Долоо хоног бүр шинэ анги гарах бөгөөд нийт 10 дугаар цацагдана" гэлээ.

Нэвтрүүлэгт жүжиглэх болон дуулах ур чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Ким Жонгүк, Хонг Кён Мин, жүжигчин Жан Хёк, Ча Тэ Хён, Хонг Кён Ин, Кан Хун нар оролцсон билээ. Тэд Монголын тал нутгаар нийт 2,000 км зам туулан, хүргэлт хийсэн юм.