“Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд өнөөдөр эхэлж, наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Энэ үеэр Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл хооронд нийтийн тээврийн автобус 07:30-21:30 цаг хүртэл иргэдэд үнэгүй үйлчлэх юм байна.

Наадмын хөтөлбөрөөс дурдвал нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжим, удирдаач УГЗ Н.Буянбаатарын удирдлага дор эгшиглүүлнэ.

Иргэд энэ өдрүүдэд аймаг, нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт үзэх боломжтой.

Эрийн гурван наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 700 гаруй тоглолт, үзүүлбэр, арга хэмжээ болох аж.

Фестивальд аймаг, нийслэлийн 1,000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Унгар Улс, Казахстан, Киргизстан, Өмнөд Солонгос, Буриад, Халимаг, Саха, Тува, Турк улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1,100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм байна.