Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа. 

Хот байгуулалт, хөгжлийн газар энэ жил мэргэжлийн зөвлөлийн хурлаар 955 хүсэлтийг хэлэлцэж, 758-ыг шийдвэрлэж, дэмжсэн. Үүнээс 730 архитектур төлөвлөлтийн даалгавар, 805 барилгын загвар зураг баталсан байна. Мөн авто замын 133 төлөвлөлтийн даалгавар, 23 загвар зураг, нүхэн, гүүрэн гарцын 23 даалгавар, дөрвөн загвар зураг баталсан. Түүнчлэн тохижилтын ажлын хүрээнд 3,067 байршилд 70,041 га талбайд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталжээ. 

Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7,215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч байгаа юм байна. 

Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа аж. 

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон байна.Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон. Ус чийгт дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн байжээ. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай гэж үзсэн байна.