Олон нийтийн сүлжээнд “Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хааж” шийдвэрлэсэн талаар нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ... гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан. Сэтгүүлчийн мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.

Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлчийн цахим хуудсандаа бичсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын авто замын хяналтын камерын бичлэг, Нийслэлийн түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн, мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа  явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй, мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан.

Түүний олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа зам тээврийн ослын талаарх мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтоох, нотлохын тулд мөрдөгч хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж бүх талаас нь шалгасан" гэв.