Нийслэлийн Прокурорын газраас "Нүүрсний" гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.

Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт товлосон байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан байдаг.

Уг ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 

  • нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13,
  • Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87,
  • хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35,
  • гадаад улсын гурван иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12,994 хүнийг асууж мэдүүлэг авсан тухайгаа мэдээлж байв.