Улаанбаатар хотыг шинэ тойрог замтай болгох төслийн талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Дэлхийн бүх томоохон хот нарийн тойрог замтай байдаг. Энэ нь түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой. Иймд Улаанбаатар хотыг шинэ тойрог замтай болгох төсөлд Ерөнхий сайд анхаарлаа хандуулж байна. 

Тойрог замын урд тал буюу Яармаг, Туул хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хариуцуулсан. Харин хойд талыг хотынхонд хариуцуулсан бөгөөд тэр хавьд газар чөлөөлөлтийн асуудал хүнд байгаа.

Бидний тооцоолсноор хотыг тойрог замтай болгож, авто замын нэвтрэх чадварыг сайжруулбал 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар буурах боломжтой. 

Дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр анхаарч байгаа.

Нийслэлийн хэмжээнд 14 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор хэт архаг түгжрэлд түгжигдэхгүй байх бололцоог хангаж өгөх юм" хэмээн хэллээ. 

Мөн "Монгол Улс 100 жилийн түүхэндээ Энхтайваны өргөн чөлөөнд ганцхан хөндлөн шугамтай.

Хойд талаараа Ард-Аюушийн өргөн чөлөө, Толгойт зэрэг таван газарт холбочихвол анх удаа хөндлөн шугам үүсэж байгаа.

100 жилийн түүхэнд Улаанбаатар хөндлөн ганц шугамтай биш, хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм. Ингэснээр хөдөлгөөний нэвтрэх чадварыг дээд зэргээр бий болгоно" гэдгийг Ж.Сүхбаатар сайд хэлэв.