Улс түмнээрээ Улаанбаатарт амьдардаг, Улаанбаатраас хамааралтай байдаг нь хоттой холбоотой шуугиан бүрээс харагддаг. Хүн бүр хот хөдөөгүй шуугьдаг биз дээ.

Энэ зун үер усанд урсах шахсан, зарим газартаа урссан Улаанбаатарынхан бүгд л нэгэн дуугаар хотын захирагч Д.Сумъяабазарыг зүхэв. Одоо залгуулаад их түгжрэл эхэллээ. Бас зүхэх ажилдаа орцгоолоо.

Түгжрэлтэй холбоотой ярьж байгаа хүмүүсийн ганц сэдэв нь “Түгжрэл бууруулна гэж улсын төсвөөс өгсөн 420 тэрбум төгрөг чинь хаачив аа” гэж. Бодит байдал дээрээ Засгийн газраас нийслэлийг “420 тэрбум төгрөгийн татвараа олоод, түүнийгээ хот мэдэж захиран зарцуул” гэсэн шийдвэр. Гэвч 420 тэрбум төгрөг нь нийслэлд татвараар цуглаагүй, тэгсгээд Засгийн газраас 420 тэрбумын эрхийг нь “Улсын төсөв хүндэрсэн учраас...” гээд буцаагаад татчихсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга нь ч иргэддээ хэлэхээс жийрхдэг, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч ийм юм болсон талаар тайлбар өгөх сонирхолгүй. Ердөө л ийм л зүйл болсон нь бодит үнэн. Нийслэлийн нэг сая гаруй иргэд, тэр дотроо учир мэдэх сэхээтнүүд, юмны наад цаадхыг гадарлах, улс төрд ойр байдаг хүмүүс юу болсныг гадарладаг ч Сумъяабазарт муу байдаг юм уу... “Өнөө 420 тэрбумаа яачиваа...” гээд л хар масстай хамтран нийгмийн сүлжээгээр нэхээд, зүхээд өнөөдрийг хүрлээ. Ер нь нийслэл хотын эргэн тойронд энэ мэт маш олон асуудал байгааг, тэр бүгдийн үнэнийг ард түмэн мэдэхгүй явж ирлээ. Мэдүүлэхийг хүсэхгүй далд хүчин зүйлсийн хайчин галд нийслэлийн удирдлагууд баларч байгаа. Энэ сэдвийг ингэсгээд орхиё.

Харин одоо хүн бүр гадарлах хэрнээ дуугардаггүй сэдвийг энд бичье. Сая баахан аймаг, сумдын тэгш ойнууд боллоо. Ирэх жил энүүнээс олон ой болох сурагтай. Тэдгээрийг тэмдэглэхэд улсын төсвийг хуваариладаг УИХ-ын гишүүд гол дүр нь байцгаана. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд ч аймаг сумдын ойн арга хэмжээнүүдийн гол дүрүүд байна. Тэд бүгдээр тэгш ойтой тэдгээр аймаг сумдад төсөв хуваарилаж, наадмын талбай, 500 метр хүрэхгүй асбальтан зам, хашаа хайс... юу юунд ч улсын төсвийн мөнгийг тарж бутаргахыг таашгүй. Хөдөөд хуваарилан тараах лоббиг хүчтэй хийцгээнэ. Үр дүнд нь Улаанбаатар хот төсөвгүй сүйрнэ. Өнөөх гишүүд аймаг сумдын тэгш ойн индэрт торгон дээлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ ханхалзана... Ердөө энэ.

Сая харав уу, тэднийг тэгж явах хойгуур нь тэдний ажиллаж амьдардаг, бизнес нь хийгддэг, амь амьдрал нь болсон Улаанбаатар хот урсаж, өнөө муу С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хараалган зүхүүлэн шавар шалбаагт унасныг. Мань хоёрын зүгээс “Төсөв нь хангалттай бол... өнгөрсөн 30 жилд жаахан ухаалаг, шударга энэ хотыг удирдсан бол...” гэхээс өөр хэлэх үггүй хөлсөө шувтран хүрз шуудайтай ноцолдов. Өнөөдөр ч махаа зулгаацгааж байна.

Эзэнгүй ноорхой нийслэлд С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёроос өөр хүнгүй юм шиг, энэ хотын эзэн бүр нь хөдөөнийх болоод явчихдагт л зовлон нь байна. Үүнтэй маргах хүн байна уу. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч, энэ улс орны эдийн засгийн 70 хувь нь эргэлдэж байгаа Улаанбаатарын төсвийн ихэнхийг нь өнөө хотын хөдөөнийнхөн орон нутаг руугаа зөөж байна. Хорин өрхтэй багийн төв дээр 200 хүүхдийн сургууль барьж, жилдээ ганц удаа хаалгаа нээдэг сумын клубыг нь хэдэн тэрбумаар Соёлын төвийн барилга болгон өргөтгөж байна. Тэдгээрийг нь тэгээд бас УИХ-ын гишүүдийн түрийвч болсон жижиг барилга засварын компаниуд бариад байгаа шүү. Яг үнэндээ жилдээ хоёр үзэгдэж, сонгогчидтой уулзалтаа хийдэг Соёлын төвийн барилгад зориулж Нийслэлийн төсвийг тэр чигээр нь хулгайлаад байхаар Нийслэл чинь асуудлаа яаж шийдэх юм бэ. Цаагуураа өөрийнх нь бизнес болчихсон байдаг орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Улаанбаатарын төсөвт шингээх цаг одоо болжээ. Өнөөдөр нэхээд, сүйд болоод байгаа 420 тэрбумыг нийслэлээс Засгийн газар буцааж авсан нь ийм л учиртай.

Ингээд үр дүнд нь хот эзэнгүй юм шиг, эзэн гэж байгаанууд нь бүгд хөдөөнийхөн болчихсон, тэгсэн хэрнээ амьдардаг хотоосоо чанар шаардан попорч сууцгаана. Шулуухан хэлэхэд хөдөөгийн ард түмэнд саймширч, саналыг нь худалдан авдаг нөхдийн золиос Улаанбаатар хот боллоо. Худлаа гэвэл энэ зун та нар тэгш ой нь болсон аймаг, сумдын наадмыг харсан. Хотынхон тэр чигээрээ байгаа биз дээ. Өнөө төсөв бүрдүүлдэг, хуваариладаг, мэддэг хүн бүр тэдгээр тэгш ойнуудад “Би энэ сумын, энэ аймгийн хүүхэд шүү дээ” гээд торгон дээлтэй очоод сууцгаачихсаныг. Тэдний тэр сум аймагтаа аваачиж бэлэглэж байгаа бүгд нь Улаанбаатарыг хөгжүүлэх ёстой мөнгөнүүд байгааг. Үүнд хамгийн үүрэг рольтой нь Нутгийн зөвлөлүүд. Аав ээж, эмээ өвөө, удам судартаа хайргүй хүмүүс гэж хаана ч байхгүй. Гэхдээ учиртай хандмаар байна. Учир нь юу гэвэл “Нутгийн зөвлөл” нэрээр Монголын эдийн засгийн гол төвөө самран доройтуулж, мөнгө хөрөнгийг нь цөлмөдөг.

Өнөөдөр та бүгдээрээ хөдөөнөөс нийслэл Улаанбаатартаа эргэн ирцгээлээ. Баруун талд Эмээлтийн шалган даваад л түгжрэл зовлон. Зүүн тал Баянзүрхийн товчоогоор орж ирээд л “Яагаад тэгш сондгой гээд гэр рүү минь явуулахаа байчихав аа...” гээд фэйстээ, твитертээ бичээд, машиныхаа цонхоор хараал урсгаад эхэллээ. Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Амьдарч, амьжиргаагаа залгуулж, бизнесээ тэлж, сайн сайхан амьдарч байгаа Улаанбаатартаа эзний сэтгэлээр хандаж чадахгүй байгаа та бидний буруу. Яг ийм сэтгэхүйтэй байгаа та бидний сонгосон УИХ-ын гишүүд, төр засгийг удирдаж байгаа хүмүүс, тэдэнд үйлчилдэг “Нутгийн зөвлөл” хэмээх мафийнхны буруу.

Өнөөдөр өгөрч гандах зам дээрээ дүнсийж байгаа аймгийн наадмын талбайг хэдэн тэрбумаар Хэнтий, Говь-Алтай, Архангайд барих ямар шаардлагатай байсан юм бэ. Тэр их мөнгөөр түгжрэлийн асуудлаа шийдэхэд нэмэрлэх нь зөв байгаагүй юм уу.

Удахгүй утаа эхэлнэ. Бүр урьдын урьдынхаас аймшигтай ихээр утаан дунд улаанбаатарчууд энэ өвлийг авах нь тодорхой болсон. Яагаад гэвэл өнөөх сайжруулсан түлшний үйлдвэр чинь Хятадын хогоор барьсан, тэрийгээ монголчлон байж өнгөрсөн өвлийг давсан, өнөөдөр нэг мөр зогссон. Энэ үнэнтэй эвлэрцгээ. Тэгш ойгоо хийсэн тэдгээр аймаг сумдад 300-400 дуучин хуурчин аваачиж цэнгэн хөгжилдсөн төсвөө хагас коксжсон нүүрсэндээ зарцуулсан нь зөв байгаагүй юм уу.

Яг үнэндээ, энэ зун 100 жилээ хийсэн дөрвөн аймаг, 40 гаруй сумдын ойд үрсэн мөнгөөр та нар эзэн нь байгаа Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулчих байсан шүү. Эсвэл нийслэлчүүдийн түгжрэлийн төв цэг болсон Сүхбаатарт дүүрэгт түгжрэлийг эрс бууруулах гүүрэн болон нүхэн гарц, дугуйн зам, гэрлэн дохионы ухаалаг зохион байгуулалтыг хийчих байсан шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Одоо амьдарч байгаа Улаанбаатараа хар!!! Эзэн нь байх ёстой та нарын хөдөөнийх байгаа сэтгэхүйн чинь төлөөс, бас гай. Өөр буруутныг хайх хэрэггүй. Та нийслэл хотдоо эзэн шиг нь бай, эзэн шиг нь ханд. Та бол хөдөөнийх биш хотын хүн, Улаанбаатарын иргэн шүү.