Нийслэл хот өнөө зун хэдэнтээ үерт автаж амжлаа. Дуулиан шуугиантайгаар хоёр талцаж байгаад иргэд нь ам уралдуулан үзэлцэв. Эрх бүхий хүмүүс нь үерийн голомт болсон газруудыг нураах  шийдвэр гаргаад сүржин эхэлсэн. Гэвч Авлига хороололыг энэ ажил тойрох бололтой. Тодруулбал, Голын голдиролд баригдсан "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамжийг өнгөрсөн долоо хоногт тухайн барилгын компанид хүлээлгэж өгсөн  юм. Харин хуулийн дагуу тус захирамжийг барилгын ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд авсан.  Хотын удирдлагуудын зүгээс бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан бөгөөд одоо Барилга хот байгуулалтын яамны хэсэг дээр очоод ажил нуруух ажил саадсан гэв. Гэтэл энэхүү барилгын ажил өнөөдрийг хүртэл явагдсаар байна. Нураахыг эсэргүүцэн улам л ажлаа эрчимжүүлж байгаа нь энэ.

Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж байна. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй байгаа юм. Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал гэдгийг онцлов. БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орно. Харин тэд ирэх зун үерт автахгүй гэх баталгаа алга. Түүнчлэн тус байранд захиалга өгсөн хүмүүс нь бариулахгүй нураавал амиа дэнчин тавихаа хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад авсан.

S’Outlet дэлгүүрийн обьектыг буулгах ажил өчигдөр эхэлсэн. Бизнес эрхлэгчдийн зүгээс нураах шийдвэрийг тийм ч амар хүлээн зөвшөөрөөгүй ээ. Иймд иргэд хуулийн дагуу эрх тэгш үйлчлэх эсэхийг  энэхүү ажлаас харж сууна гэхэд болохоор банйа. Анхнаасаа авлигаар боссон гэх уг хорооллынхон ашиглалтад орсон ч дараа нь байгалийн гамшиг тохиолдоход авралгүй болох вий дээ. Цаашлаад хүний эрдэнэт амь эрсдэхгүй гэх баталгаа байхгүйг энэ зуны орсон бороо тод харууллаа. Иргэдийн зүгээс энэхүү үер буусан бүсэд энэхүү хорооллоос гадна өөр ч барилгууд байгаа тэднийг хэрхэхийг харж байгаа гэдгээ ч дуулгав. Нөгөөтэйгүүр, голын сав дагуу орон сууцны зөвшөөрөл олгосон дарга нар,  ийм газарт барилга барихаар зүтгэсээр ёайгаа компанид хариуцлага тооцож чадах нь уу. Төрийн төмөр нүүр дийлэх үү, авлига авсан нөхдүүд үү. Харж л байя.