Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цаг 11 минутад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Бөхийн өргөө”-ний орчимд гар утас булаагаад зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Э”-ийн “I phone-13” загварын гар утсыг 37 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ булааж зугатсан үйлдлийг илрүүлжээ. Эд мөрийн баримтаар хохирогчийн гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж, талбайд явахдаа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж, замаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар үйлчлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөе.