Энэ жилийн Үндэсний их Баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын Арслан М.Бадарчийн сорьцноос допинг илэрсэн нь тодорхой боллоо.

Үүнтэй холбоотойгоор тэрээр нийгмийн сүлжээнд тайлбар гэгчийг нийтэлж," Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог...

Шинжилгээний процесс, түүний хариуны талаар буюу миний сорьц БНСУ руу бусад сорьцтой хамт явсан эсэх, хамт явсан бол яагаад хариу нь тусдаа ирсэн болон эдгээрийг хариуцаж байгаа байгууллагатай холбоотой өөрт байгаа эргэлзээ, олон жил хуримтлагдсан хардлагуудтай холбоотой зарим асуудлаар хуулийн байгууллагад хандан олон нийтэд нээлттэй шалгуулахаар ажиллаж байгаа ба төдий л их хугацаа орохгүй биз ээ. " гэх мэтээр бичсэн юм.

Харин Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн л нийгмийн сүлжээнд: "Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.

Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан.

Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна.

“Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа.

Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа?" гэсэн байна.

 

Ж.Мөнхбат

www.sonin.mn