Хөгжлийн банкны зээлийн хэрэг нийгмийг донсолгоод авсан. Үүний үр дүнд Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлсөн байна. Мөн өнгөрсөн долдугаар сард ААН-үүд нийт 83.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Хөгжлийн Банканд хийжээ. 

Тус банкнаас зээл авсан зээлдэгч нарын нэг нь Зам тээврийн сайд С.Бямбацогтын дүү нар байсан нь олны чихийг сортолзуулаад авсан. Тэрбээр төрсөн зургаан дүүтэй. Эдгээр дүү нарынхаа С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нартай хамтран “Ньюпрогресс” группийг үүсгэн байгуулсан. С.Бямбацогт гишүүн 2016 оны ХОМ-тээ “Ньюпрогресс” группийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө бүртгүүлсэн. Тэрбээр уг группийн үүсгэн байгуулагч гэсэн мэдээлэл нь баримттайгаа хэвлэлд нийтлэгдэж байв. /БАРИМТ: С.Бямбацогтын бизнесийн сүлжээ ба ТӨСВӨӨС 95 тэрбумыг хувийн компани руугаа оруулсан түүх/

С.Бямбацогтын төрсөн дүү  С.Балжинням, С.Баянчулуун нар "Вестерн холд" компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 2019 оны 9-р сарын 23-нд 28 сая долларын зээл авсан байдаг. Одоогоор 23 сая долларын зээлийг эргэн төлөөгүй аж. Анх зээл авахдаа "Вестерн холд" ХХК нь "Ховд эко цемент" төсөл хэрэгжүүлнэ хэмээн зээл авсан байна. 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон нээлттэй сонсголд С.Баянчулуун, С.Балжинням нар хоёулаа ирээгүй. Ирээгүй шалтгааны талаар нь, "Вестерн холд" ХХК-ийн асуудалтай холбогдуулан дуудсан хоёр гол гэрч ирээгүй болохыг УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн хэлж байсан удаатай. Тэрбээр "Вестерн холд" ХХК-ийн ерөнхий захирал С.Балжиннямыг гэрчээр дуудсан ч нэгдүгээр сарын 13-28-ны өдрийн хооронд гадаад улсад албан томилолтоор ажиллах болсон тул сонсголд оролцох боломжгүй гэсэн албан бичгийг, захиалсан билетийн хуулбартай хамт ирүүлсэн. Мөн тус компанитай хамаарал бүхий "Алтай трест" компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулууныг гэрчээр дуудсан боловч мөн ирээгүй. Нэгдүгээр сарын 14-28-ны өдрийг дуустал Вьетнам улсад хувийн ажлаар зорчих болсон тулд сонсголд оролцох боломжгүй гэх албан бичгийг, билет захиалгын хуудсыг хавсаргасан” хэмээн тухайн үед хэлж байсныг энд эргэн сөхөж санууллаа. Түүний дүү нар хэзээ зээлээ төлөх вэ? 

Арцатын аманд байрлах “Хан төгөл хотхон” гэж сингл, таун, твин хаус хороололыг С.Балжинням, С.Баянчулуун нарын эзэмшил гэх мэдээлэл ч хэвлэлээр гараад байна.