"Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа. Учир нь, өвдөг, шагайг нь тэр чигт нь зүсээд төмөр утсаар оёсон байна лээ. Бид маш их гомдолтой байгаа. Элэг, бөөрийг нь бусдад тус болог, амьдрал бэлэглэг гээд донор болгохыг зөвшөөрснөөс өөр эд, эрхтнийг нь авахыг зөвшөөрөөгүй. Мөн бидэнд донор болсны 3.5 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. ЭМЯ-ны нэг мэргэжилтэн "Чинбүрэн эмч бид нар тэр мөнгийг олгох асуудлыг ярилцаж байна. Болохгүй бол хувиасаа өгөөд дараа нь бид нөхөөд авах талаар хөөцөлдөж байна" гэсэн хэмээн хэвлэлд мэдээлээд байгаа юм.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр иргэн Б нь тоёота маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигч А-г мөргөж, амь хохирогч нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн, Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй тул ЭХХШТХ-ийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өглөө. 

Мөн Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б “Донор болгоход гурван талт гэрээ байгуулдаг. Үнэндээ Донорын төвөөс талийгаачийн ар гэртэй ярилцаж, элэг, бөөр, шөрмөсийг нь донор болгож авах гэрээ хийсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийн шөрмөсийг ч донор болгон авах гэрээ байгаа гэсэн үг. Талийгаачийн өвдөг, шагай орчмыг төмөр утсаар оёсон байсан талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн байна лээ. Өвдөг, шагайг нь оёсон утас төмөр утас бус, олон улсад ашигладаг зориулалтын утас.

Донорын тухай хуульд тархины үхжилттэй хүнийг донор болгосон тохиолдолд Нийгмийн даатгалаас олгодог сая төгрөгийг 3.5 дахин үржүүлж олгох заалт тусгасан байдаг. Гэтэл донорын хагалгааны дараа талийгаач нийгмийн даатгал төлдөггүй байсныг холбогдох байгууллага шалгаж, тогтоосон. Оршуулгын зардал болгож өгдөг сая төгрөгийг нийгмийн даатгал төлдөггүй талийгаачийн ар гэрт олгодоггүй. Ийм учраас нөхөн төлбөр гэх мөнгийг олгоогүй байгаа юм билээ. Тиймээс манай байгууллагаас хуулийн заалтад донор болсон иргэн бүрд 3.5 сая төгрөг олгоно гэсэн заалт тусгаж, оруулахаар ярилцаж байна. Гэхдээ талийгаач А-гийн гэр бүлд дээрх мөнгийг нөхөж олгохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа. Талийгаачийн ар гэртэй бид байнга холбоотой байгаа” хэмээн мэдээлэв.