ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал  энэ сарын 12 –нд болсон. Гэсэн хэдий ч  шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ны 10:00 цагт  11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа  Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжиллээ.

 Шүүх хурлын үед 11 өмгөөлөгчийн нэг ярихдаа Т.Бадамжунайгийн гэрчийн мэдүүлгийн талаар дурдсан нь олны анхаарал татав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байсан талаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм.  Өмгөөлөгчийн хэлснээр  Т.Бадамжунайн гэрчийн мэдүүлэгт “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ингэхдээ ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан юм. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ дээ, намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэдэг хүсэлт тавьж байсан” гэж ярьсан гэлээ.

Б.ГАНХУЯГ: АЮУРСАЙХАНТАЙ 2013 ОНД ТАНИЛЦСАН, ТЭРНЭЭС ӨМНӨ ТАНЬДАГГҮЙ БАЙСАН

Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид  2007 оноос ажиллаж байна. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө  таньдаггүй байсан. Юун Аюурсайханы зохион байгуулалттай гэмт хэрэгт орох. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж ч үзээгүй. Тэгэхээр  яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ” гэлээ. Мөн тэрбээр  урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нүүрсний хэргээр би маш их мэдүүлэг өгсөн. Тэгвэл УИХ дахь ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ. АТГ надаас асууж байгаад дутуу орхисон 4-5 мэдүүлэг байгаа. Тэд нар хаана байгаа юм бэ. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулаад  араас нь жагсаалын, нүүрсний, оффтейкийн хэрэг гэж орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах гэж байна.

Маш муу найруулсан жүжиг яваад байна. Энд байгаа 11 хүний хэрэг дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явж байна., Над дээр байгаа хэрэг жижигдээд байгаа  учраас Аюурсайханыг оруулж ирж байна  гэж ойлгож байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж огт байхгүй. Энд маш ноцтой асуудал яригдаж байна. 220  мянган гишүүнтэй МАН асуудал яригдаад байна шүү дээ. МАН-ын 220 мянган гишүүнийг энд авчраад шүүчхээч дээ. Намын дарга,  төлөөллүүд хаана  байгаа  юм” гэлээ.

Мөн тэрбээр, нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй  байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн  өөрийгөө болон ар гэр, хамаатан саднаа хамгаалалтад авч өгөх хүсэлт  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргалаа.

Т.АЮУРСАЙХАН: Б.ГАНХУЯГ “МЭДЭЭЛЭЛ ӨГЬЕ” ГЭХ МАШ НОЦТОЙ  ХҮСЭЛТ ТАВЬЛАА.  ЭНЭ ХҮСЭЛТИЙГ НЬ  БИЕЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Харин ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл болж байна. Нүүрсний гэх хэргийн  гол зангилаа дээр нь ажиллаж байсан Б.Ганхуяг “Мэдээлэл өгье”  гэх маш ноцтой  хүсэлт тавьлаа.  Энэ хүсэлтийг нь  биелүүлэх нь зүйтэй. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтейк гэрээ, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм. 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байна. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлье. Удахгүй сонсгол болох учраас УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яараад байх хэрэг алга. Хамгийн гол нь учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна"  гэв.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргав. Харин прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэсэн  байр суурийг илэрхийллээ. Ийнхүү 11 хүнд холбогдох  урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14:00 цагт хийхээр  товлов.

 

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 188 (7173)