Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй дэд нарга нар, АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр С.Баярцогтоос сэтгүүлч: "Таны шүүхээр шийдэгдсэн хэрэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэдэг байр суурь цахим орчинд яваад байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ? Мөн тантай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээллүүдийг тодорхой давтамжтайгаар тарааж байгаа нь ажиглагдаж байна. Эдгээр асуудал дээр та хариулт өгөөч?" хэмээн асуув.

 

Уг асуултанд С.Баярцогт: "Надтай холбоотой асуудлууд дээр товч тодорхой хариултууд өгье. Хэрэв нээлттэй сонсгол болох юм бол би туйлын их баярлана. Бидний хэргийг хянасан Нийслэлийн прокурор авлигын хэргээр ял авсан. Анхан шатны шүүх дээр ялласан шүүгч нь ч авлигын хэргээр ял авсан.

 

 

Үнэндээ бол эрх мэдлийн хонгилоор чирээд, ордны 3 давхарт бүх хэрэг шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлсэн бүгд үнэн. Энэ бүхэн ил тод болно.

 

 

Хилс хэрэг байсан гэдгийг Монголд ч, Швейцарт ч шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Цэцээс шүүхтэй холбоотой хууль зөрчсөн зүйл алга гэдэг шийдвэр гаргасан. Бүх шатандаа шалгагдсан. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой.

 

 

Энэ бол хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга. Зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийдэг.

 

 

АН-ын даргын үйл ажиллагаа идэвхжих үед ийм үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг та бүхэн харж байгаа байх. Шаардлагатай бол хэвлэлийн бага хурал хийж энэ бүх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөх болно." хэмээн хариулсан юм.