Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн газарт хууль бусаар халдсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өдгөө асуудал шийдвэрлэгдсэн эсэх талаарх тодруулгыг авлаа. Одоогоор тус эмнэлэг нисдэг тэргээр өвчтөнөө тээвэрлэн авчрахад хүндрэл учирч байгаа гэдгийг дуулгав. 

Эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүй халдсандаа уучлалт гуйжээ. Мөн  алдаагаа залруулахаар ажиллаж байна гэдгээ ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзах үеэрээ хууль бус асуудал үүсгэсэн компанийн зүгээс хэлсэн байна. 

Уг хууль бусаар газарт нь халдсан асуудлаас болж гурван хоногийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт хүхрийн хүчилд түлэгдэж ирсэн хүнд өвчтөнийг нисдэг тэргээр яаралтай авчрахад энэ барилгын өргөгч кран саад болсон гэв. Нисдэг тэрэг зогсоолдоо бууж чадахгүй эмнэлэг дээгүүр тойрч нисээд, барилгын өргөгч кран нисдэг тэрэгний салхинд хажуугийн орон сууц руу савагдах гээд нэлээдгүй эрсдэлтэй асуудал үүссэн аж. Тэрхүү краныг доош буутал нисдэг тэрэг эргэлдээд, өвчтөнөө яаралтай эмчилгээнд оруулах гэж хэцүү байдалтай эмч нарын баг тулгарчээ. Ингээд нисдэг тэрэг зогсоолоосоо бүр цааш автомашины гарц руу шахаж, хэтэрч буусан байна. Энэ мэт эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах гээд амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүс хохирох асуудал үүсээд байгааг учирлав. 

"Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр дээрх асуудал үүсжээ. Тус компани анх хүүхдийн тоглоомын талбай барина гэх тайлбарыг өгсөн байна. Гэвч асуудал хүндрээд ирэхэд  цахилгаан, сангийн хоолой засна болоод явчихсан гэдгийг албаны хүн хэллээ. 

Дөнгөж сая нисдэг тэргээр гэмтэж бэртсэн хоёр гадаадын иргэнийг зөөвөрлөн авчирчээ.  Алга дарам газартай маш олон иргэдийг хүлээн авч амь насыг нь авардаг газрын үйл ажиллагаанд хэн дуртай нь дураараа аашилж энэ мэтчилэн асуудал үүсгэх нь хуулинд хэр нийцтэй вэ?

Харин ч орох, гарах гарцыг улам сайжруулах хэрэгтэй байгааг иргэд хэлдэг. 

Бид эргэн энэ талаар мэдээлэх болно.

 

 

Холбоотой мэдээ:

Улсдаа ганц ГССҮТ- ийн газарт хууль бусаар халджээ