Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16:00 - 17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл НЗДТГ-т ирсэн билээ. 

Болсон хэрэг явдалтай холбогдуулан НЗДТГ-аас тус сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа юм. Нийслэлийн боловсролын газраас Монгол бизнес дээд сургуультай дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд нэг хичээлийн жилд 280 сая төгрөгийн түрээс төлдөг байна. 

Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд тодорхойлох хүртэл цахимаар хичээллүүлэхээр болжээ.

Өнөө өглөөний байдлаар эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байна. Харин сурагчид юунаас болж хордлогод орсныг мэргэжлийн байгууллагуудын газар дээрх үзлэг шинжилгээ, хүүхдүүдээс авсан шинжилгээгээр тодорхой болох юм.

Сошиал орчинд сурагчдыг ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсны улмаас бөөлжих, гэнэт суулгах шинж тэмдэг илэрсэн гэж яригдсан ч эцсийн байдлаар шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байгаа юм. Шалгалтын дүгнэлт энэ долоо хоногтоо гарч, ирэх даваа /2023.09.25/-наас танхимаар хичээллэнэ гэсэн чигтэй байгаа аж.