Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн Монгол дахь ээлжит ганцаарчилсан тайлан тоглолтоо энэ сарын 28-нд Монгол Улсын филармонид хийх гэж байна. Эл тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ.

Тодруулбал, тоглолтын эхний хэсэгт Латин Америк, Аргентин хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Монголд анх удаа тоглох бол удаах хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчдын, тэр дундаа сүүлийн үеийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тоглогдож байгаагүй зохиол бүтээлүүд эгшиглэгдэхээрээ онцлог юм. Тоглолтод Аргентины хөгжмийн нэрт зохиолч, танго хөгжмийн эцэг гэгддэг Астор Пиаццоллагийн (Astor Piazzolla) төгөлдөр хуурт зориулсан 3 цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулахаас гадна мөн орны алдарт хөгжмийн зохиолч Албэрто Жинастэра-ийн (Alberto Ginastera) "Аргентин бүжгүүд" (Danza Argentina) хэмээх цуврал бүтээлүүдийг эхний хэсэгт толилуулах юм. Удаах хэсэгт Монголын хөгжмийн нэрт хөгжмийн зохиолчид болох Сэмбийн Гончигсумлаа, Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Шатарын Өлзийбаяр, Хишигтогтохын Алтангэрэл нарын олонд танигдсан зохиолууд болон, тоглогдож байгаагүй шинэ зохиол бүтээлүүдээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Тоглолтыг хөгжим судлаач Доктор, профессор Бадамжавын Батжаргал тайлбарлан хүргэхээрээ онцлог.

Ташрамд сонирхуулахад, solo recital dуюу гоцлол тоглолт нь хөгжимчин тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөл бүгдийг дангаар буюу ганцаар авч явах, үзүүлэхдээ ур чадвар, мэдрэмж бүхнээ хөгжмийн зохиолчдын үзэл санаа, хүргэхийг хүссэн бодол сэтгэлгээг дамжуулахыг эрмэлздэгтээ оршдог тоглолтын хэлбэр юм. Анх Унгарын хөгжмийн зохиолч гарамгай виртуоз хөгжимчин Франц Лист энэхүү гоцлол төгөлдөр хуурын хэв маягийг бий болгосон гэдэг.