Өчигдөр цахим орчинд нэгэн аав охиноо хүүхдэд удаа дараалан хазуулж, зодуулж байгаад тун их гомдолтой буйгаа хэлж камерын бичлэгийг олон нийтэд цацсан билээ. Тэгвэл уг хэрэг одоогоос 10 хоногийн өмнө тус цэцэрлэгт хүмүүжиж байсан бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазсан хэрэг гарсан аж.

Охины  гэр бүлийн зүгээс, тус цэцэрлэгийн салбар нь дөрвөн бүлгийн 10 багштай атал хүүхдүүдийн зодооны талаар юу ч мэдээгүй. Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэн “Амила” цэцэрлэгийн удирдлагад “Хүүхдүүдээ харж хандаагүй” хэмээн гомдол гаргасан ч тус цэцэрлэгийнхэн болон зодсон хүүхдийн ар гэрийнхнээс уучлалт ч гуйгаагүйг мөн онцолсон. Тэгвэл тус цэцэрлэгийн зүгээс, Бид хазуулсан охинтой холбогдож, эргэж очиж, охиноос болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан гэх мэдээллийг өглөө. 

"Есдүгээр сарын 29-ний Баасан гаригт гарсан. Охины гэр бүлийнхэн гомдолтой байгаагаа хэлж, цагдаагийн байгууллагад хандаж, шүүх шинжилгээний эмнэлэгт хандсан. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Тухайн үйл явдал болох үеэр сарын сүүл байсан учир цэцэрлэгийн бүх багш ажилчид унтлагын цагаар их цэвэрлэгээнд түр гарсан байсан. Хүүхдүүд нэгнээ хазсан процесс хэдхэн секунд болсон. Охины ар гэрийн зүгээс хүүхдээ нэг жил цэцэрлэгт үнэгүй явуулах хүсэлтээ байгаагаа хэлээд тохиролцож чадаагүй учир бичлэгийг олон нийтэд цацаж, манай цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хаана гэж байгаа.

Манай цэцэрлэг олон салбартай бөгөөд бүх багш, туслах багш нар маань багшлах зэрэгтэй" хэмээн цэцэрлэгийн зүгээс ярилаа.