УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд нийтийн өргөдөл гомдлын D-Өргөдөл системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулга явагдаж, иргэдийн дэмжлэгийг аваад байгаа. Буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан байна.

Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж байгааг онцлов. Учир нь 2020 онд НӨАТ-аас улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол 2024 онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл энэ хугацаанд НӨАТ төлөлт 3 дахин нэмэгдсэн бол буцаан олголтын дүн төдийлөн өсөөгүй, 300-400 тэрбум төгрөгт хэлбэлзэж байна. Иймд татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой гэж УИХ-ын дарга мэдэгдэв.