Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр Завхан аймагт цаг агаарын нөхцөл байдал болон малчдын амьдрал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

ҮБХ-ны гишүүн Д.Батсайхан "Сая долоо хоног дараалан орсон цаснаар Завхан аймагт өвөлжилт хүндэрч, малчид малаа нядалж борлуулж байна. Гэхдээ махны үнэ олигтой өсөхгүй байна. Зуншлага тааруу байсан учир цасан дороос цухуйсан өвс алга.

Манай аймаг Улаанбаатараас 1,000 гаруй километрийн зайтай болохоор тээврийн зардал их, малын тэжээл үнэтэй байна. Малчид 40,000 орчим төгрөгөөр малдаа тэжээл авч байна. Өвс, тэжээлийн хүрэлцээ, хангамж муу.

Малчдын махыг борлуулахад онцгой анхаарах ёстой. Замын-Үүд боомтоор монгол хонийг гаргаж буй. Уг квотын тоог нэмэгдүүлж, мал гаргадаг компанийн тоог чөлөөлөөд өгөх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил болоогүй хүйтэн өвөл болох шинжтэй. 

Хангайн нурууг дагасан цасан бүрхүүл тогтож, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн баруун талын сумуудын малчдад хүнд тусахаар байна.

Малчдын хэлснээр төрөөс арьс шир, сүү, ноос, ноолуурын урамшуулал өгөхөө зогсоожээ.

Цаг агаар, орлого зэргээс шалтгаалан малчид хүнд байна төр засаг анхааралдаа авахаар болжээ" гэв.