Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарсан. Уг ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн хүнд, хөнгөн гэмтэн өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэхүү осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогдсон. Тэгвэл эдгээр хүмүүсийн дунд нэг хүний ар гэрийнхэн холбоо барихгүй байгаа нь олны анхаарлыг татсан байна. Түүнийг сэтгэл санааны шоконд орж, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болсон байх гэж олон хүн санаа тавьжээ. Энэ хүний ар гэрийнхэнийг нь олж өгч тусална уу хэмээн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн цахим найзууддаа хандсан юм.

Тодруулбал, "Энэ хүнийг таньж мэдэх хүн байна уу, ар гэрийнхэнтэй нь холбож өгөөч" гэжээ. Ингэхдээ түүнд эргэлт өгч анхаарал халамж тавьж байхыг  нутгийн дүү ТВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу Өсөхбаярт даалгасан аж. Энэ дагуу Өөскө ч түүнд эргэлт өгч, хэрэгтэй зүйл байвал мессэжээр бичээрэй гэж захижээ. Жүжигчин залуу ч сайхан сэтгэл гаргаж эргэлтийг уйгагүй өгч байжээ.

   

        

Гэтэл чоно борооноор гэгчээр  40 эргэм насны эрэгтэй "Дайчин Сүх" ХХК-ий осолдсон том оврын автобусанд огт зорчиж яваагүй нь тогтоогдсон байна. Ийн тэрбээр осолдсон автобусанд явж байсан гэж худлаа хэлэн хоёр хоног эргэлт авчээ. Зовлонд унасан хүмүүст сэтгэл гарган тусалж байгаа нэгэн байхад, бусдын зовлонгоор халхлан өөрийн жаргалыг хөөх ч гэж дээ. Монгол эр хүний сайхан чанар хаана гээгдээд явна даа.