Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэл сонсож байгаа юм. 

Сонсголын эхний хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. 

зураг

 

Шинжээч "Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-д энэхүү өмөр замын ач холбогдол, үр ашгийн талаар хэрхэн тооцоолсныг хүргэе. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьсны дараа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихаар тухайн үед төлөвлөж байсан. Энэхүү төмөр зам нь Тавантолгойн орд газрыг Хятадын Мандал боомттой холбоно. Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь УБТЗ ХНН-ийн төв магистрал шугамтай холбогдсоноор Хятадын Эрээн хотын боомтоор Тавантолгойн нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн бүлэг ордын уурхайнууд төдийгүй тухайн төмөр зам дайран өнгөрч байгаа бүс нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулна гэж тусгасан байна. 

Уг бүтээн байгуулалт нь ямар нөхцөлд ашигтай ажиллах талаар хугарлыг цэгийг танилцуулъя. 20 жилийн дунджаар тонн.км тутамд 20 центээр тээвэрлэж, жилд 9.19 сая тонн ачаа тээвэрлэж, 24 зүтгүүр, 1,272 ширхэг вагон хэрэгтэй гэх тооцоолол байна. 

Хамгийн багадаа 9.19 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барина. Үүнээс илүү тээхэд ашигтай ажиллан, доош жинг тээвэл алдагдалтай ажиллахаар байна" гэлээ. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэхээр 20 жилийн хугацаатай, хүүгүй, хаалттай нөхцөлтэй бондыг Монголын Төмөр Зам ТӨХК гаргасныг "Эрдэнэс Тавантолгой" ХК худалдан авсныг шинжээч мөн танилцуулсан. Төслийн нийт батлагдсан төсөв нь 1 их наяд 392.2 тэрбум төгрөг байна. 

Төслийн хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэг хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. 

УБТЗ ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиолол суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр оролцжээ.

414.6 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ашигт ажиллагааны боломжийн талаар шинжээч "Монголын төмөр зам ТӨХК нь найман зүтгүүр, нэг сэлгээний зүтгүүртэйгээс их засварт хүлээгдэж байгаа гурав, ажиллагаагүй хоёр, ашиглагдаж байгаа дөрвөн зүтгүүр, 332 вагоноор тээвэрт явж байна. Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь 24 зүтгүүр 1,272 вагонтой байснаар ашигтай ажиллах ёстой. Зүтгүүрийн тоо зургаа, вагоны тоо дөрөв дахин дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна" гэлээ. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр "Энэ төмөр зам баригдсанаар эдийн засгийн ямар ач холбогдолтой байна вэ. Хэдэн төгрөгөөр бариад, зардлаа хэдэн жилийн дараа нөхөх вэ. Энэ замаар ер нь ачаа тээвэрлэж байгаа юу, нүүрсээ зарж байгаа юу" гэж шинжээчээс асуув.

Хариуд нь шинжээч "Өчигдөр Монголын Төмөр Зам ТӨХК-аас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум, 2023 онд 51.5 тэрбум төгрөг байна.

2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа, 2023 оны гүйцэтгэлээ 1.5 сая тонн ачаа тээвэрлэсэн. Дээр танилцуулсан хугарлын цэгээр бол хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барих учиртай. 1.5 сая тонн ачаа тээвэрлэснээр хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна" хэмээн хариулав. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр "Зэвсэгт хүчин, цэргүүдийг оролцуулж маш хямдаар төмөр зам барьж байгаа гэдэг байсан. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа энэ бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл 11.8 хувийг нь цэргүүдээр хийлгэсэн байна. 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчнээр хаацайлаад улсын нууцаар бүх асуудлаа хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ.

ВИДЕО: