Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн чанар болон аюулгүй байдлын талаар иргэдээс санал, мэдээлэл, гомдол хүлээн авах болсон талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо үйл ажиллагаагаа эхлээд сар хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд есөн хянан шалгагч, шинжээчийг томилж, эмийн үнийн өсөлт, чанар, зохицуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа идэвхтэй явагдлаа. Бид УИХ-д сонгогдоход хөнгөлөлттэй олгодог эмийн төсөв 27 тэрбум төгрөг байсан. Харин 2024 онд 140 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 

УИХ-аас төсөв нэмээд байхад ард иргэд эмийн чанарт сэтгэл хангалуун биш байгаа. Энэ их төсөв цөөхөн хэдэн компанийг угжих ажил болохоос сэргийлж байна. Жишээлбэл хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг 500 гаруй эмээс улсын бүртгэлд ороогүй 150 гаруй эм байх жишээтэй. 2018 оноос өнөөг хүртэл 25,000 мянган гаруй эм борлуулагдсан байх. Эдгээр эм нь бүртгэлгүй байгаа нь Монгол Улсад зарах боломжгүй эмүүдийг худалдаалсан уу гэдэг асуудал яригдана. 

Эмийг бүртгэхдээ нэг удаа чанарын шинжилгээ хийдэг. Түүнээс хойш үйлдвэрлэл явагдаад, манай улсад орж ирдэг сериал дугаараар нь зах зээлээс авч чанарын шалгадаг тогтолцоо байхгүй болжээ. Таван жилийн дараа хугацаа нь дуусахаар шалгаж байна. 

Сүүлийн зургаан сарын хугацаанд чанар, шаардлага хангаагүйгээс болоод гаж нөлөө илэрсэнтэй холбоотой 600 гаруй мэдээлэл ирсэн. Энэ нь эмийн чанараа хянаж зохицуулж чадахгүй байна гэсэн үг. 

Хянан шалгах түр хороо эмийн асуудал ярихад чанар шалгах тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсөв байхгүй гэж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан ХАБҮЛЛ нь өөр газар очиж, зарим аппарат нь ажиллахгүй байгаа. Гүний гааль дээр шалгадаг гурван аппаратын зөвхөн нэг нь ажиллаж байх жишээтэй. Иймэрхүү байдлаар Монголын эмийн зах зээлийн 80 хувь нь импортоор орж ирдгийг шалгаж чаддаггүй юм байна.

Эмийн чанар гэж юу болох талаар эмнэлгийн байгууллага болон иргэд зөв ойлголттой байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Үнэмшил, итгэл хоёр өвчнийг ангаахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл зах зээлд буй эмийн чанартай итгэхгүй гэсэн олонхын санал асуулгад хариулсан байхад эрүүл мэндийн тогтолцоо явахад хэцүү. 

Эмийн үнийн өсөлтийн дүнд анализ хийхэд гаальд мэдүүлсэн үнээсээ хотод 32 хувийн, орон нутагт 31 хувийн өсөлттэй байна. Зарим эмийг эксплизив гэх гэрээний нөхцөлөөр тухайн оруулж ирдэг компани монополи эрхтэйгээр худалдаалах, үнээ дураараа нэмэх боломжийг олгосон тогтолцоо манай зах зээлд байна. 

Тэгэхээр үүнийг нарийвчлан шалгаж нотлох баримт цуглуулах ёстой. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө энэхүү сонсголоо ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хойш хийхээр төлөвлөж байгаа.

Үүнтэй холбогдуулан гомдол хүсэлт байвал эмийн түр хорооны emiinsonsgol.mn-ээр дамжуулан цахимаар болон шуудангаар мэдээлэл өгч болно. Мөн санал асуулгад оролцох боломжтой. Манай түр хороонд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Бейсен, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Д.Батлут миний бие гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна" гэв. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмийн үнэ чанартай холбоотой асуудал манай улсад их байгаа. Нийгэм бодлогын хорооны дарга байх үед гүйцэтгэлийн аудит хийхэд манай улс эмийн бодлогоо алдсан, эм салбарт 4-5 ААН монополи байгаа гэсэн дүгнэлтүүд гарч байсан. Үүнийг манай түр хороо бодит байдлаар гаргаж ирж, таслан зогсоох зорилготой.

1.4 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт тусгаж байгаагаас 60 орчим хувь нь эм худалдан авахад зарцуулагдаж байна. Жишээлбэл 2021 онд 88 ААН 490 тэрбум төгрөгийн эм импортоор авсан. Харин 2022 онд 132 ААН 790 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн. Үүнтэй холбогдуулан эмийн импорттой холбоотой чанарын талаар мэдээлэл байхгүй. 

Эмийн үнийн хөнгөлөлтөд 2019 онд 33 тэрбум төгрөг, 2020 онд 35 тэрбум төгрөг, 2021 68.9 тэрбум төгрөг, 2022 онд 80 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл энэ хөнгөлөлт гар дээр очихоор байхгүй байна. "Хөнгөлөлтөд орсон эм эмийн санд байхгүй, манайд үүнтэй төстэй эм байна" гэсэн гомдол иргэдээс ирж байгаа. Тэгэхээр үүнийг хянах нь чухал" хэмээн ярив.