Өнгөрөгч шөнө /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болж, гал алдсан.

Үүний улмаас орон сууцны барилга, 28 тээврийн хэрэгсэл галд шатаж, оршин суугчид, хүүхэд галын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа билээ. 10 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь   биеийн байдал маш хүнд байна. Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдалд иргэд эмгэнэл илэрхийлсээр буй юм.

Харин "Дашваанжил" компанийн газыг тээвэрлэж явсан автомашины жолооч болоод Patrol маркийн машины жолооч нарыг хууль сахиулах байгууллагаас тогтоож, ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тэгвэл тэднийг одоогоор цагдан хориогүй бөгөөд хоёр жолоочийг шалгаж байгаа юм байна. 

Мөн тэднээс архи, согтууруулах ундааны шинжилгээ авахад илрээгүй аж.