Улс даяараа гашуудаж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, галын улмаас гурван аврагч амиа алдаж, 60 өрх орох оронгүй болоод байна.

Газ тээвэрлэж явсан автомашины жолооч “Уулзвараар эргэхэд хажуу талаас суудлын автомашин мөргөчихсөн. Үүний улмаас хийн хоолой задарч, гал гарсан. Машинаасаа үсэрч буугаад, амьд гарлаа. Хажуу машины жолооч амьд эсэхийг мэдэхгүй байна” гэх тайлбарыг өгөөд байгаа.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, “Дашваанжил” ХХК-ийн жолоочоос шинжилгээ авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Харин газ тээвэрлэж явсан автомашинтай мөргөлдсөн “Патрол” маркийн автомашины жолооч хэн байсан, хэрхсэн нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл осолд өртсөн, уулзварын ойролцоо зогсож, газ тээвэрлэсэн машинтай шүргэлцсэн автомашины жолооч нь Батлан хамгаалах яамны албаны дарга Э.М гэх иргэн байжээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг, тайлбар авч байна.