Төр барьж буй эрхэмүүд манай улсад бүхий л салбарт нэг л "Буруу тогтолцоо" тогтоочихлоо.  Хүний алтан амийг орон сууц гэх нэрээр л хэмждэг олиггүй жишиг энэ нийгэмд тогтож байна.

Бусдын амийг аврах аврагчид улаан гараараа ус, гал руу үсрэн байж аюулыг олон мянган иргэдээс зайлуулж явна. Тэд үүнийхээ төлөө хэнээс ч юу ч нэхдэггүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсээр өөрийн амиа зольсоор байна. Удам дамжсан аврагч хүүгээ алдаад удаагүй байхад дахин гурвын гурван хүний амь нас эрсдэв. Улс даяараа эмгэнэн гашуудаж байхад Төр баригчдын амнаас тус бүрийн гэр бүлд гурван өрөө байрыг өгнө гэхээс юу ч дуугарсангүй ээ. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж энэ үеэр амь насаа алдсан Онцгой байдлын 3 алба хаагчийн ар гэрт тус бүрт нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байр олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тус бүр 3 өрөө байр олгох төсвийг нийслэлийн төсвөөс шийднэ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд ОБЕГ-аас тэтгэмж өгдөг. Энэхүү байр нь тус тэтгэмжээс тусдаа бөгөөд тэтгэмж нь хууль дүрмийнхээ дагуу олгогдох юм байна. 

Дээрх мэдээг өчигдөр хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар цацагдлаа. Тэгвэл хүнээ алдах гашуун зовлонг амссан иргэд цахим орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Тухайлбал, Нийслэлийн онцгой байдалд ажилладаг Батмөнх Аюуш  "Сайхан залуусаа алдлаа. Маш их харамсаж байна. Бас миний чадах зүйл байгаа билүү гэж өдөржин бодлоо. Ар гэрт нь үлдэж байгаа үр хүүхдүүд нь яах билээ. 2008 онд болсон МИ-8-ийн ослын дараа амь үрэгдсэн аврагч гал сөнөөгчдийн үр хүүхдүүдэд аавынх нь авч байсан цалинг 18 нас хүртэл нь өгдөг байгаасай гэж мөнч олон хүмүүстэй уулзаж хэлж үзсэн ч бүтээж чадаагүй тэгээд л өнгөрсөн. Одоо ингээд л өнгөрмөөргүй байна аа. Эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн зоригт эрчүүдийн өмнөөс үр хүүхдүүдэд нь сар бүр аавынх нь цалинг олгодог болмоор байна дэмжээд өгөөрэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Мисс, загвар өмсөгч Б.Батцэцэг "Ми8 ослоор миний аав Комиссар Батбаатар бас амиа алдсан. Тэр үедээ 1 өрөө байрны ч мөнгө хүрэхгүй мөнгө өгөөд л дууссан.

Үймэрч гашуудаж байгаа үед юун тэрийг бодох л байдаг юм билээ. Өвлийн хүйтэнд амьдарч байсан байрнаасаа хүртэл хөөгдөөд их л юм үзсэн дээ. Ээж дүү хоёроо харж халамжлах ажил шууд л надад ирсэн. Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилдэг. Гэхдээ л аав минь байсан бол гэх цагууд маш их гарч ирдэг. Аав хүнийг хэн ч орлодоггүй. Үрэгдсэндээ биш, үлдсэндээ үнэхээр хэцүү давчуу хорвоо байдаг шүү.

Өргөсөн тангарагтаа үнэнч гээд үхэх гэж эх орныхоо төлөө ажиллах цаг үе биш шүү. Ард нь хоцорч байгаа нялх нойтон хүүхдүүдтэй хүмүүсийг нь бодож үзэх хэрэгтэй. 18 нас хүртэл нь цалинг нь ар гэрт нь өг. Тэтгэврийг нь эхнэрт нь өвлүүл. Бодохоос сэтгэл үймэрч хөндүүрлэж байна. Онцгой байдлын албаныхан бол миний ах дүү хамаатан саднаас ялгаагүй санагддаг хүмүүс. Хангамж цалинг нь нэм. Угаасаа гурав хоноод мартагддагаас хойш  Бүх цаг үед хайртай ааваа, ханиа, найзыгаа, хамтрагчаа алдсан бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аавыг хэн ч орлодоггүй" гэж өөрийн амьдралын туулсан хэцүү давааг хуваалцлаа. 

Иймээс эрх баригчдаас асууя? Аавыг байр орлож чадах уу?!!!

Хүүхдүүдийн амьдралыг хагас болж үлдэж байгааг яагаад тооцоолохгүй байгаа юм. Тэд аавтайгаа бүтэн амьдралтай насанд хүртлээ явсан бол хэрхэх вэ? Тэднийг сургуульд ороход, төгсөхөд оюутан болоход эцэг хүн болоход нь түүний баатар болсон аав нь хажууд нь байхгүй  байна...