Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний нялх амраг гэгдээд байгаа Г.Сарангэрэл охин уржигдар батлан даалтад гарсан билээ. Түүнээс холбогдоод байгаа хэргийн талаар болон бусад асуудлын талаар ярилцснаа хүргэж байна.

- Нийгэмд өөрийн тань талаар сөрөг мэдээлэл их явлаа. Сэтгэл санаа ямар байна?

- Сэтгэл санаа маш хүнд, айдастай байгаа. Гэрээсээ гарахдаа хүртэл айдастай байна.

- Гадуур явахад хүмүүс хэр таньж байна? Хүмүүсийн чиг хандлага ямар байна?

- Гадуур гарахаар хүмүүс таниад зураг аваад байсан.  Өнөөдөр өглөө л гэхэд гэрийнхэнтэйгээ хоолонд ороход зөөгч нь зураг аваад байсан.  Энэ мэтээр сэтгэлийн дарамттай хэцүү байгаа.

-Аав, ээж хоёр нь ямар байна?

- Аав, ээж хоёр ерөөсөө тайвширч чадахгүй байгаа. Ээж уйлаад л байна. Саатуулагдаж байхад, ээж хоёрын маань санаа их зовж, аавын үс гурван сарын дотор бууралтаж, ээжийн бие ч сайнгүй байгаа.

-Аавтай нь уулзахад сэтгэл санаа нь хямралтай хэцүүхэн байсан. Хоригдож байхдаа аав, ээж хоёртоо хэр их санаа зовж байв?    

- Аавдаа илүү их санаа зовж байсан. Ээж маань гэртээ, гарч ордог нь аав маань. Тийм учраас аавыг минь зодож нүдэхээс эхлээд ямар нэгэн дарамт шахалт ирэх вий гэж одоо ч их зовж байна. Тиймээс надад болон манай гэр бүлд хамгаалалт маш их хэрэгтэй байна.

-Ганц охиндоо маш их хайртай. Миний охин хэзээ ч биднийг зовоож, хэл ам таталж байгаагүй гэж байсан?

-Би ч гэсэн аав, ээж хоёртоо маш их хайртай.

- Уржигдар өгсөн ярилцлагын талаар аав, ээж нь юу гэж байна?

-  Намайг тэгж ярьснаас болоод амь насанд халдах вий гэж их айж байгаа. Өнөөдөр хүртэл уйлаад, сэтгэл санаагаар их унаж байгаа.

- Найз залуу чинь нэвтрүүлгийг үзээд саллаа гэж хэлж байсан?

- Тийм юм яриагүй. Нэвтрүүлэг үзчихээд нээрээ юм уу гэж асууж байсан.  Чамтай байхаас өмнөх явдал болохоор өөрөө мэддээ л гэж хэлсэн.  Гомдолтой байгаа байхаа. Миний хувьд ч гэсэн гомдолтой байна.  

- Ярилцлага өгөөд өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулчихлаа. Цаашид хэрхэх вэ?

- Хандах байгууллагад хандаж нэр хүндээ сэргээлгэх болно. Миний нэр хүндийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гутаасан гэж үзэж байгаа.

- Нэр төрөө сэргээлгэхээр УИХ-ын ёс зүйн дэд хороо, МАХН-д хандсан шүү дээ.  Албан ёсоор хариугаа авсан уу?

- Албан бичгийн хариу ирсэн. Гэхдээ өргөдлийн дагуу хүн ирж уулзаагүй, ямар нэг байдлаар туслалцаа үзүүлээгүй.

- Телевизид өгсөн ярилцлагад яригдсан зүйл бүгд үнэн үү?

- Уг нь хувь хүний нууц шүү дээ. Гэхдээ өчигдөр /уржигдар/ суллагдсандаа итгэж, чадахгүй сэтгэлийн хөөрлөөр хамаагүй зүйл ярьсан. Гарч ирсэн гэдэгтээ итгэж чадаагүй шокийн байдалтай байсан.

- Ганц худагт ямар байсан талаар?

- Зарим албан хаагч, саатуулагдсан хүмүүсийн зүгээс сэтгэлийн дарамтад оруулж байсан.

- Төрийн албан хаагчид уг нь дарамтлах ёсгүй шүү дээ. Ямар албан тушаалтай, хэн гэж хүн хэрхэн дарамталж байсанг тодруулж болох уу?

- Яг ийм зүйлд яаж хандахаа мэдэхгүй байсан. Хандъя гэсэн ч хүлээж авдаггүй байсан. Ёс бусаар хэлж, бусад хүмүүсээс ялгаж, илүү чанга ханддаг байсан.

- Гэтэл өөрийг чинь эмнэлэгт тансаглаж байгаа гэсэн мэдээлэл байсан?

- Саатуулагдаад сар гаран болоход хүнд өвчний улмаас эмнэлэгт нэг сар хэвтсэн. Эмнэлэгт бусад саатуулагдсан хүмүүсийн адил хэвтэн эмчлүүлж байсан. Харин нийгэмд сөрөг мэдээлэл тархсаны улмаас хэл ам их гарах болсон. Үүний улмаас надад хийж байсан эмчилгээг дуусгаагүй.

- Хоригдох хугацаанд чинь үнэн, худал маш олон мэдээлэл гарсан байх. Өөрт чинь яг юу бодогдож байв?

- Намайг хорих 461-р ангид байхад өлсгөлөн зарлалаа, байцаалт өгөхгүй гэсэн мэдээллүүд гарсан нь худлаа л даа. Би тэнд дөрвөн сар болохдоо байцаалт өгөхгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Өлсгөлөнгийн өргөдөл хоёр удаа өгсөн. Шинжилгээний хариу өгөөгүй мөртлөө эхний удаа бие чинь муу өлсгөлөн зарлуулахгүй гэсэн. Хоёр дахь удаа “Угаасаа чамайг өлсгөлөн зарлуулахгүй” гээд нэг албан хаагч ирж загнаад явсан...

- Уучлаарай таныг амиа хорлох гэж оролдсон мэдээлэл үнэн байна, тийм үү?

- Ерөнхийдөө О.Баасанхүү гишүүний ярьсан зүйлээс эхлээд, хар тамхи татаж үзээгүй байхад хар тамхичин гээд, биеэ үнэлэгч биш байхад биеэ үнэлэгч гэж нэрлээд, хүмүүс маш муухайгаар яриад байхаар сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Тиймээс амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдож байсан.

-Саатуулагдсан өдөр яг юу болсон юм бэ?

- Бид нар машинаасаа Далай ээж захын ойролцоогоос баригдсан. Бид нарыг машиндаа байж байхад дөрвөн талаас цагдаа нар гарч ирээд л элдвээр хэлж, гавлаад  эрүүлжүүлэх рүү биднийг авч явсан.  Биднийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж үзсэн. Бид нар угаасаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Дараа нь бид нарыг Эрүүгийн цагдаа руу аваачаад тус тусад нь нэг өрөөнд оруулаад “Та нар ингэсэн биз дээ. Тэгж хэл,”  гэж тулгаад бичлэг хийж байсан.  Дараа нь бид нарыг улсан мөрдөн рүү оруулаад нэг нэгээр нь байцаалт авсан. Тухайн үед бид нар айгаад, шоконд орчихсон байсан. Бас "ингэж ярь, тэгж ярь гэж загнаад, тэгвэл та нарыг суллах болно" гээд бид нар анхны мэдүүлгээ хэлснээр л өгсөн.

- Тодруулбал?

- Манай хэрэг дээр холбоотой нэг хүн байгаа. Гэхдээ бид нар тэр хүнийг танихгүй. Тэр хүнээс та нар хар тамхи худалдаж авсан биз дээ, тэр хүнээс авсан гэж хэл, үнэнээ хэлэхгүй бол та нарыг хилсээр гүтгэх болно гэсэн утгаар нь хэлсэн. Бид на анхны мэдүүлгээ сүрдүүлэгт автаж хэлснээр нь өгсөн. Удалгүй бид нарыг ганц руу ачаад явсан.

- Анх баривчилсан газар нь дүүргийн цагдаа байсан уу?

- Мэдэхгүй. Ямар дуудлагаар ирсэн гэдгийг нь ч мэдэхгүй байна. Том биетэй дөрвөн цагдаа орж ирээд л элдвээр доромжилж, хөдөлж, нүдээ ч аньж болохгүй гэж загнаад байсан.

- Та нар баригдсан газраа удаан байсан, эсвэл байнга тэнд зогсдог гэх мэтээр бусдын анхааралд өртсөн юм болов уу?

- Угаасаа тийм зүйл байхгүй. Тэр өдөр бид нар байнгын хөдөлгөөнтэй явж байсан. Тэгээд ТҮЦ-ийн гадаа ирээд машинаа унтраасан чинь барьчихсан. Тухайн үед биднийг дагаж байсан эсэхийг тогтоолгоогүй байгаа.

- Тэр үед хэрэглэсэн байсан уу?

- Би нар хар тамхи хэрэглээгүй. Бид нарын хэрэглэсэн гээд байгаа бодисыг хар тамхи мөн эсэхийг ч бид нар өөрсдөө мэдэхгүй. Бид нар тэрийг хууль бусаар олж аваагүй. Бид нар өмнө нь хар тамхи хэрэглэж байгаагүй.

- Хэрэглэсэн гээд байгаа бодис мөс мөн үү?

- Энэ нь хэргийн мөрдөн байцаалттай холбоотой нууц болохоор хэлэх боломжгүй.  

- Саатуулагддаг өдөр чамайг Х.Тэмүүжин сайд руу олон  залгасан гэдэг ч утас чинь чамд байгаагүй гэдэг. Үүнийг тодруулбал?

- Тэр үед миний гар утас, дугаар надад ерөөсөө байгаагүй. Баригдангуутаа залгасан гээд байгаа шүү дээ. Хэрвээ утас маань байсан бол  надад утсаар ярих нэг хувийн ч боломж байгаагүй. Бид нарын гар гавтай байсан.  Утсаа ломбарданд тавьчихсан байсан. Миний утаснаас залгасан гээд байгааг би шалгуулна гэж бодож байгаа. Миний утаснаас  тэр хүн рүү тэр өдөр, тэр сар залгаагүй. 2-р сараас хойш миний энэ дугаарт ирсэн дуудлага, гарсан дуудлага дунд Х.Тэмүүжингийн гэгдээд байгаа 9910....тай дугаар өөр 9910тай ч дугаар  байхгүй.

- Х.Тэмүүжинтэй  харьцаатай байхдаа жирэмсэлсэн гэж яригдаж байсан?

- Тийм юм байхгүй. Яг хоёр жил болоогүй. Ер нь уулздаг байсан. Тэр мэдээллийн хувьд би шоконд орчихсон болохоор тийм, тийм л гэж байсан.

- Та хоёрыг хэн танилцуулсан юм бэ?

- Алтанчимэг буюу Ажу гэдэг охин танилцуулсан. Өөрөө Тэмүүжин сайдтай дотно харьцаатай байсныг нь мэднэ. Тэр охин одоо намайг гүтгээд байгаа. Ажу манай найз охины 10 жилийн ангийн хүүхэд.

-Телевизэд ярилцлага өгч Хууль зүйн сайд Тэмүүжиний нэр төрд халдлаа гэж үзэх хүмүүс байна. Тэмүүжин сайдын зүгээс элдэв шантааж, дарамт шахалт ирж байна уу?

-Сөрөг, эерэг хандлага аль аль нь байна. Одоохондоо дарамт шахалт ирээгүй. Гэхдээ ирэх байх гэж бодож айж байна. Манай гэр бүлийнхэн ч ялгаагүй их айдастай байгаа. Энд тэнд явж байгаад яачих ч юм билээ. Гэрээсээ гарахдаа хүртэл их айж байна. Хүмүүс намайг таньдаг болсон байна. Энд тэндээс зураг аваад. Өглөө гэрийнхэнтэйгээ хооллож суутал зөөгч нь миний зургийг авсан байсан. Фэйсбүүкт тавих гэж байхад нь найз охин маань хэлж байж устгуулсан шүү. Иймэрхүү хэцүү байдалд байна.

-Хүний эрхийн үндэсний комисст хандсан уу?

-ХЭҮК-ийн референт Оюунчимэг танаа гээд хоригдсоныхоо дараа хандсан. Долоо хоногийн дараа нэг хүн ирж уулзаад, гомдлыг чинь шалгана гэж хэлээд, ямар нэгэн хариу өгөөгүй, дахиж ирээгүй.

Цаашид хандах байгууллагуудад нь хандана. Нэр хүндээ сэргээлгэнэ. Миний нэр хүндийг Баасанхүү гишүүн хамгийн анх унагаасан. УИХ-ын чуулганы хаалттай хуралдаан дээр Тэмүүжин сайд руу “Чи хар тамхичин, янхан Сарангэрэл гэдэг охинтой амрагийн холбоотой. Ажлаа өг” гэж анх хэлсэн юм билээ. Тэрнээс болоод л миний нэр хүнд унасан. Ер нь Х.Тэмүүжин сайд ч тэр, О.Баасанхүү гишүүнд ч тэр маш их гомдож байна.

-Х.Тэмүүжин сайд нэг ч удаа эргэж очоогүй болохоор уу?

-Үгүй ээ. Тэрэнд гомдоогүй. Анх мэдэгдэл хийхдээ өмнө нь хэрэгт холбогдоход нь өмгөөлөгч олж өгч тусалсан гэж худлаа ярьсан байсан. Тийм зүйл болоогүй.    

-О.Баасанхүү гишүүн чамайг эргэж очсон байсан. Яг юу ярьсан бэ?

-Би өөртэй нь уулзах хүсэлт явуулсан юм. Хэсэг хугацаанд ирэхгүй байсан. Манай Батбаяр өмгөөлөгч Баасанхүү гишүүнээс 10 тэрбум хүртэл төгрөг нэхэмжлэх эрхтэй гэсэн ярилцлага өгсний дараа над дээр ирж уулзсан. Намайг сэтгэл санааны маш хүнд дарамтад оруулсан. Танай аавыг чинь өмгөөлөгч Батбаяр зодсон гэсэн. Аав чинь гомдолгүй гэсэн, чи гомдолтой байгаа биз дээ. Чи гомдолтой байгаа гэдгээ надад бичээд өгчих гэж хүртэл дарамталсан. “Би танд маш их гомдолтой байна. Та намайг ийм хэцүү байдалд орууллаа” гэхэд “Чи ийм юм ярих байсан бол ирэх шаардлагагүй байж” гэхчилэн надтай УИХ-ын гишүүн байж их хүнлэг бус харьцсан. Би маш их гайхаж, нэг хэсэгтээ сэтгэлийн дарамтад орсон. Одоо ч сэтгэл санаа хэцүү байна. Гэлээ гээд би уйлж унжаагүй. Хүмүүс ч сэтгэлийн дэм их хайрлаж байна. Нэр төрөө сэргээлгэчихвэл миний ирээдүй надаас шалтгаална. Тийм болохоор ирээдүйгээ маш гэгээлгээр төсөөлж байгаа.

- Хамт шалгагдаж байгаа охидын нэг нь чамайг их хөнгөмсөг, ахимаг настай хүмүүстэй уулзаж мөнгө төгрөг авдаг гэж мэдүүлсэн байдаг гэж сонссон. Энэ талаар юу хэлэх вэ?

- Хүн өөрийгөө сайнаар л хэлэхийг хүсэх байх. Би өөрийгөө хөнгөн хийсвэр хүн гэж боддоггүй. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч. Тэрнээс салхи хаашаа, би тийшээ гэдэг шиг би тийм хүн биш л дээ.

-Одоо хамт шалгагдаж байгаа охидоос чинь хоригдож байгаа хүн бий юу?      

-Байгаа. Хоёр найз охин, нэг эрэгтэй байгаа. Нэг нь насанд хүрээгүй.

-Бусад нь батлан даалтад гараагүй байхад чамайг “татаас”-аар гарчихлаа гэсэн яриа бас дуулдаж байгаа?

-Намайг даалтад гарах гээд шүүх дээр байж байхад шүүхийн туслах руу хамт шалгагдаж байгаа манай найзын өмгөөлөгч “Яахаараа энэ гараад, бусад нь гардаггүй юм” гэсэн асуудал тавьж байсан. Манай найзуудын өмгөөлөгч нар миний өмгөөлөгч Батбаяр шиг үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахаар хөөцөлдөхгүй, хүсэлтээ ч өгөөгүй юм билээ. Манай өмгөөлөгч өдөр бүр маш сайн хөөцөлдсөний дүнд би батлан даалтад гарсан.   

- Цаг гарган ярицлсанд баярлалаа.

А.Баярмаа