Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, өнөөдөр нээлттэй мэдээлэл өглөө.

Энэ үеэр олон мянган иргэний хувийн мэдээллийг алдаж, хакеруудын хар зах Dark web дээр зарагдаж байгаа тул хуулийн дагуу хянаж шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, халдлагаас цэвэрлэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан талаар зарлав.

Мөн манай банк, санхүүгийн байгууллагын хамгаалалт муугаас хакердуулж, харилцагчдын хувийн мэдээлэл, регистрийн дугаар зэргийг алдсан байна. Тодруулбал арилжааны банк халдлагад өртөж, 1,4 сая гаруй хүний регистрийн дугаар, ажил, гэрийн хаяг, банкны бүртгэлийн дугаар зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг хар зах дээр 700 долларын үнэтэй заржээ. 

Түүнчлэн ББСБ-ын зээлийн аппликейшн халдлагад өртөж, хүний хувийн мэдээлэл алдагдсан нь тодорхой болсон байна. Алдагдсан нууц үгтэйгээ ижил нууц үг ашигладаг бол банк, санхүүгийн бусад платформууд дахь данс нь дагаад эрсдэлд орохыг анхаарууллаа. 

Зочид буудал, амралт, жуулчны баазын онлайн захиалгын нэгэн сайт халдлагад өртөж, Монгол Улсын 36 мянган хүний иргэний үнэмлэх, зураг, овог нэр, мэйл хаяг, утас, хувь хүний нарийн тодорхой мэдээлэл задарчээ. Иймээс кибер аюулгүй байдлын тусгай албад, кибер мэргэжилтнүүдийн баг хүний хувийн мэдээлэл алдсан төр, хувийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, цэвэрлэж хамгаалах, хариу арга хэмжээ авах ажиллагаа явуулж байна.