Цаг улирлын нөхцөл байдлын улмаас шар усны үерийн нөхцөл байдал үүсч, айл өрхүүдийн хашаа, байшин, гэр усанд автсан дуудлага мэдээлэл ирж байна.

Тухайлбал өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны гудамжинд замын ус хальж айлууд руу орсон дуудлага мэдээлэл 13:27 цагт ирсний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж 1.5 тонн усыг соруулж ажилласан.

Мөн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Алтан өлгийн гудамжинд айлын хашаанд үерийн ус орж ирсэн дуудлага мэдээлэл 13:20 цагт ирсний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж 4 тонн усыг соруулан, шуудуу татаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Цаашид цас, мөс хайлж шар усны үерийн эрсдэл нэмэгдэх тул иргэд хашаа, байшин гэрийнхээ ойролцоо суваг шуудуу татаж, усны голдрилыг өөрчлөх арга хэмжээ авахыг зөвлөж байна.