"Эрдэнэс Тавантолгой компанийн 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу өнөөдөр шилжүүлж байгаа.

Ногдол ашиг авах 2.5 сая иргэний 760 гаруй тэрбум төгрөгийг өчигдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв рүү шилжүүлсэн" болохыг тус компаниас мэдээллээ.

Тус компанийн ТУЗ-өөс 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд буй. Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүрд 285,000 төгрөг оногдох бөгөөд татвар суутгагдаад гарт олгох нь 256,000 төгрөг болж байгаа юм.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үнэт цаасны дансаар олгодог. Энэ төрлийн дансгүй тохиолдолд НӨАТ-ын буцаалт дээр бүртгэгдсэн банкны данс, хүүхдийн мөнгөний дансанд шилжүүлж байгаа.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр давхардсан тоогоор 2.5 сая иргэн данс нээлгэсэн байна. Үнэт цаасны тусгай зөвшөөрөл бүхий 52 компани бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн мэдээлэл тус бүрийн вэб сайт дээр бий, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны frc.mn сайт дээр ч мөн бүртгэл мэдээлэл нь бий”-г Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан өчигдөр болсон Байнгын хорооны хурал дээр хэлж байв.