Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрт их хэмжээний гал гарч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүгийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү галын улмаас Онцгой байдлыг нэг аврагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус дэлгүүрийн төлөөлөл "Гал гарсан объект манай агуулах биш ээ. Түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Гал манайхаас эхэлж гараагүй" хэмээн мэдэгдлээ.

"Миний дэлгүүр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Саруул "Гал гарсан объект нь манай агуулах биш. Тус барилга нь гурван давхар өөдөөс нь харахад нэг давхар. Ардаас нь харахад B1, B2 давхартай. Манайх  дээд давхрыг түрээсэлж 127-р салбар дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Яг хаанаас гал гарсныг бол мэдэхгүй. Цахилгааны бүх холболт маань барилгаасаа тусдаа гаднаас эх үүсвэртэй байдаг. Галын асуудал дэлгүүрт байгаагүй, доороос утаа гарсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад ами алдсан алба хаагчийн ар гэрт нь эмгэнэл илэрхийлье" хэмээн ярилаа.

Тухайн өдрийн гал гарахад ажиллаж байсан тус дэлгүүрийн зохион байгуулагч "Өчигдөр 08 цагаас дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. 10:25 минутын орчим доод давхраас маш их хэмжээний утаа гарч эхэлсэн. Ингээд бид 2-3 худалдан авалт хийж байсан үйлчлүүлэгч болон ажилчдаа яаралтайгаар гадагш гаргасан. B1 давхрын ажилтангаас дуудлага өгсөн эсэхийг асуухад өгсөн гэсэн. 10-15 минутын дотор Онцгой байдлын алба ирсэн. B1 давхарт онлайн шоп, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хүмүүс үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Онцгой байдлын газраас галын шинжээчид ирээд галын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

Түүнчлэн тус дэлгүүрийн зүгээс галын аюулгүй байдлын хангах үүднээс хуваарьт үзлэг хийдэг. Одоогоор, гал гарсан объект руу орж хохиролын хэмжээгээ тогтоогоогүй байна. Нийгэмд манайхаас үүдэж гал гарсан гэж ойлгоод бидний ажилд хүндрэл учруулж байна учраас мэдээлэл хийсэн буй гэв. Ойлголтын буруу ташаа мэдээлэл нийгэмд цацагдаж байна хэмээн онцоллоо.