Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг олон нийтэд ил болж иргэдийг бухимдуулаад авсан. Тухайн багш одоогоор ажлаасаа чөлөөлөгдөж, шат шатны байгууллагуудаар шалгуулж байгаа юм байна.

Өчигдөр дээрх  асуудлаар ШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан "Сургууль, цэцэрлэгт бид Ёс зүйн зөвлөлийг байгуулсан. Өмнө нь энэ зөвлөл байдаггүй байсан. Энэ Ёс зүйн зөвлөлөөр ганцхан энэ багшийн асуудал биш тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Төрийн өмчийн бүх сургуульд сэтгэлзүйч ажиллуулж байна. Цэцэрлэгт ч гэсэн сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай байгаа. Ёс зүйн зөвлөл маш сайн ажиллах ёстой. Саяхан хүүхэд зодсон багшийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Одоо хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Ер нь манай салбарт ийм ёс зүйгүй багш байж болохгүй" хэмээн ярьсан.

309 дүгээр цэцэрлэгийн удирдлагын зүгээс "Бид одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тус багшид ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан тул шат шатны байгууллагад шалгуулаад явж байгаа. Багшийг ажлаас чөлөөлж, дахин боловсролын байгууллагад ажиллуулахгүй байх хатуу арга хэмжээг авна. Нийслэлийн боловсролын газар болон цагдаагийн байгууллагад хандсан. Манай цэцэрлэг цаашид камерынхаа тоог нэмэхээр ярилцсан" гэх хариуг өглөө.