Дуучин A Cool элэгний хорт хавдар өвчнөөр өвчилсөн тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Энэ тухайгаа гэр бүлийнхэндээ ч хэлээгүй хэмээсэн тэрбээр өвчнөө ялан дийлнэ гэв. Хүүхдийн элч дуучнаар өргөмжлөгдсөн тэрбээр 2019 онд хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл-Хайранд" хэмээх сайн үйлсийн аян өрнүүлж байсан билээ.

Энэхүү аяны хүрээнд тоглолт зохион байгуулж, тоглолтоос олсон орлогоо хорт хавдартай хүүхдүүдэд хандивлаж байсан билээ. Тухайн үед "Миний хувьд хүүхдийн төлөө  1000 төгрөг гуйх нэг их ичгэвтэр санагдахгүй байна. Хорт хавдар чинь эдгэрдэггүй өвчин биш юм байна. Эдгэрч болдог юм байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлбэл, бидэнд цаашид дэвшилттэй сайн сайхан зүйл харагдаж байна. Тиймээс би гэсэн үзэл бодлоо хойш нь тавиад бид гэсэн сэтгэхүйгээр аливаа зүйлд хандвал бидэнд мэдэхгүй, чадахгүй, хүрч чадахгүй, чадвар авьяас дутна гэсэн зүйл байхгүй юм байна" хэмээн ярьж байжээ. 

A Cool 2022 онд хошууч цол авч, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа "Соёмбо" чуулгын даргаар ажиллаж байсан. Урлагийн хүн хошууч цол хүртэж, энэ албан тушаалд томилогдон ажиллаж буй нь олны шүүмжлэлийг дагуулснаас болж ажлаа хүлээлгэн өгч байсан юм.