50 настай эрэгтэй автобусанд засвар хийж байхдаа домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  иргэн М /50 настай, эрэгтэй/ нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн ТТТ-д  шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.