Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртээд байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Нутгийн буян" группын бөх М.Бадарчийн шээсний шинжилгээнээс допинг илэрсэн хэмээгдээд буй. Тэрбээр уг шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Үүнийг нь хэлэлцэн, шийдвэрээ гаргав.

Арбитрын шүүхээс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин тэрбээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн олон улсад хандахаа зарлаад байгаа билээ.

Улсын арслан М.Бадарчийн өмгөөлөгч: Хамт бэлтгэл хийдэг хүн нь “Миний хэрэглэж байсан нэмэлт бүтээгдэхүүн дотор хориглосон бодис байжээ. Панангинтай андуурч өгсөн байна” гэдэг тайлбарыг гэрч сая хэллээ. Гэрчийн мэдүүлэг бол би тэрийг нь аваад хэрэглэчихсэн гэдэг үг биш байхгүй юу.

М.Бадарч “Би анхнаасаа хэрэглээгүй. Хэрвээ арбитр ийм шийдвэр гаргавал дараагийн шатанд давж заалдаад эцсийг үзнэ гэж байгаа. Саяны өгсөн долоо хоног нь тамирчны эрхийг эдлүүлээгүй байна, нөхөж эдлүүлье гэсэн. Энэ нь тухайн бодисыг хэнээс авч хэрэглэсэн юм, ямар хэмжээгээр хэрэглэсэн тэрийгээ хэлээд уучлалт гуйвал барилдах эрхийг 4 жилээр хасах хугацааг багасгадаг процессын ажиллагаа юм.

Миний үйлчлүүлэгч М.Бадарч допингийн ямар ч бодис хэрэглээгүй учраас арбитр ийм шийдвэр гаргавал дараагийн олон улсын энэ долоо хоногийн хугацаанд тайлбар өгөөгүй юм.

Арбитр шийдвэрээ гаргалаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс 11 дүрэм  журмыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Арбитраас хоёр дүрэм нь журмаа зөрчсөн байна гэж үзлээ. Дүрэм  журмыг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Гарсан дүрэм журмаас хоёрыг нь зөрчсөн байна гэж хэлсэн хэрнээ шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй байна гэж бид үзэж байгаа. Бид нар олон улсад гомдлоо гаргана. Та нарын батлаад өгсөн дүрмээс хоёр журмыг зөрчсөн байхад яагаад зөв гээд шийдчих вэ гэдэгт хариулт өгөх байх" хэмээн ярив. 

Тэгвэл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа: "Хуульд заасны дагуу М.Бадарчаас допингийн эсрэг шинжилгээ авсан. Эхний шинжилгээгээр илэрсэн бодис нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2023 онд хориглосон бодис буюу бүх цаг үед тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон тусгайлсан бодис илэрсэн.

Энэхүү бодисыг синтетик аргаар гаргаж авдаг бодис бөгөөд Монгол Улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эмчилгээнд хэрэглэгддэггүй хориотой бодис байгаа. Энэ бодис илэрснийг тамирчин өөрөө хүлээн зөвшөөрөхгүй Б шинжилгээндээ орсон. Б шинжилгээний хариугаар дахин энэ бодис байна гэдэг нь батлагдсан. Тамирчин биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхад анхаарах нь өөрийнх нь үүрэг.

Тамирчин өөрийн сорьцоос илэрсэн аливаа хориглосон бодисонд хариуцлага хүлээнэ. Хэрэглэсэн зүйлийнх нь төлөө тамирчин өөрөө хариуцлага хүлээнэ. Ингэж заасны дагуу М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн нь зөвшөөрөгдсөн замаар биед орсноо өөрөө нотолж чадаагүй. Чадаагүй учраас Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2,1-д заасан допингийн зөрчил мөн гэж өмнө тогтоосныг энэ шийдвэртээ эцэслэн баталгаажуулж байна. Ийм учраас М.Бадарчаас илэрсэн шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа. Шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа. Шинжилгээний хариу нь илэрхий гаж нөлөө үзүүлэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх хэмжээний допингийн дүрмийн зөрчил байхгүй байна гэж комисс үзсэн.

Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу Үндэсний бөхөд хориотой бодис хэрэглэхийг хориглочихсон байгаа. Хориотой бодисоор тухайн тамирчин маань өмнө нь дөрвөн удаа Допингийн эсрэг хяналтад орж шинжилгээ өгч байсан гэдгээ өмнө нь хэлсэн.  Энэ хүн анх удаа допингийн хяналтад орж, допингийн эсрэг шинжилгээ өгөөгүй. Тав дахь удаагаа өгсөн үйлдэл дээр допингийн хяналтын лабораторийн дээжнээс шинжилгээгээр илэрсэн. Энэхүү зөрчлүүд нь шинжилгээний эцсийн үр дүнд нөлөөлөхүйц биш байна. Дээж цуглуулах үйл ажиллагаа бүхэлдээ зөрчигдөөгүй гэж үзнэ. Ийм учраас М.Бадарчийн 7095868 дугаартай шинжилгээний хариуг хууль ёсны дагуу гэж үзнэ.  Гэрч гэж өөрийгөө тодорхойлсон иргэний мэдээллээр гэрч бодит нөхцөл байдлыг тогтоох, М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор холбогдох баримтууд ирүүлж, мэдүүлэг өгсөн боловч бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэж үзсэн. Ийм учраас Үндэсний их баяр наадмын 2023 оны долдугаар сарын 12-ний өдрийн авсан шинжилгээнээс А болон Б сорьц илэрсэн учраас Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2-т зааснаар тамирчны Б сорьц шинэчлэгдэж, Б сорьцны үр дүн А сорьцод хориглосон бодис түүний маркер, метаполит илэрсэн болохыг дахин баталсан.

Ийм учраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" гэсэн юм.