Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тодруулбал, хууль зааснаар “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасны дагуу тавдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж, нам, эвслүүд өнөөдөр шийдвэрээ гаргана. 

Энэ дагуу МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдахаар товлогдоод өдгөө ч хуралдаанаа эхлээгүй байна. Харин ХҮН нам нэр дэвшигчдээ олон нийтэд зарлав. 

Бид өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн олны танилуудтай танилц хэмээн хүргэсэн. Тэгвэл энэхүү жагсаалт сэтгүүлч Ч.Лодойсамбуу, хөтлөгч Оргил нараар бүл нэмлээ.

АН-аас нэр дэвшихээр яригдаж буй сэтгүүлч Ч.Лодойсамбуу: "Би жилийн өмнө АНУ-руу сурахаар явсан. Өнгөрсөн жил надад нэр дэвшээч ээ гэх санал их ирсэн. Тухайн үед надад тийм шаардлага байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл МАН-ын үед сэтгүүлчээр ажиллах аргагүй болж байна. 126 гишүүнтэй болчихоор залуучуудад зай гарч байна. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулиар зардал мөнгийг хуульчилж өгөхөөр өрсөлдөхөд их төвөгтэй байна. Тэр нь надад ч бас мэдрэгдэж байна. Сонгуулийн штаб, ухуулах байр, сурталчилгааны зардлыг нам өөрөө зохицуулдаг болсон. Энэ нь олонд илүүтэй танигдсан хүмүүст давуу тал болж байна. Тэгэхээр залуучуудад боломж үүссэн. Гэхдээ нөгөө талдаа энэ их мөнгөний эсрэг мөнгө босгоно гэдэг бас чанга.

Жагсаалт бол намын нүүр царай, гарчиг. Гэхдээ намуудын бодит байдал нь зөвхөн нүүр царайгаа бодож жагсаалтаар оруулахад үнэхээр хэцүү. АН таван нам нийлж байгуулагдсан. Одоо хэрэлдээд доош ороод байгаа юм биш. Ерөөсөө л олон намын нэгдэл. Тиймээс эсрэг, тэсрэг байр сууриуд байнга гардаг.

Тиймээс нийлээд сонгуульдаа амжилттай оролцох шаардлагатай. АН 180 мянган гишүүнтэй. Бид таньдаг 10 гишүүнээрээ улс төрийг дүгнээд байдаг. Гэтэл намын гишүүд хагараад хоорондоо зодолдоод байсан зүйлгүй. "Херо" энтертаймент баахан гүтгэлэг тараагаад АН болохгүй байгаа мэт харагдуулдаг. АН-ын дунд хагарал, бутрал байхгүй. Намын гишүүд ялна гэдэгтээ итгэлтэй байна. МАН-ын явуулж байгаа бодлого Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг яваад байгаа учраас АН-ын үзэл санаа ялах учиртай.Би Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Мөн Зэвүүн яриа ток шоуны хөтлөгчөөрөө олны танил болсон Шинэ Нэгдсэн Эвсэлээс нэр дэвшихээр яригдаж буй Т.ОРГИЛМӨНХ: "Би СХД-т нэр дэвших хүсэлт өгсөн.

Надад бусад шиг худалдаж авсан, аргалж авсан олон диплом байхгүй. Гэхдээ АМЬДРАЛЫН УХААН, ХҮМҮҮЖИЛ гэж 2 том боловсрол байгаа гэж боддог. Бас хэнд ч худалдагдаж үзэл бодлоосоо өөр замаар явсангүй. Хэнээс ч санаа зоволгүй үзэл бодлоо хэлсээр ирсэн. Ард иргэд нэр дэвшлээ гэж муулна гэхдээ муулуулахаас айж ирээдүйгээ бусдын гарт өгмөөргүй байна. Залуу хүний хувьд өөрөө оролцох шийдвэр гаргасан.