Манай Улсын суурин хүн амын 21.7 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа ба тэдгээрийн 28.1 хувь буюу 175.0 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд суралцаж байна.

Оюутан, залуучууд амралтын хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ дадлагажих, хэрэгцээнийхээ мөнгийг олох, нийгэмд байр сууриа эзлэх зэрэг зорилгоор цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол их байдаг. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж өнгөрсөн оноос эхлэн оюутан, залуучуудыг цагийн болоод байнгын ажилд зуучлах, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 3-р сард Цагийн ажил хөдөлмөрийн яармаг зохион байгуулж 1000 гаруй оюутан залуус ажилд зуучлагдсан юм. Хэдийгээр манайд цагийн ажил гэдэг зүйл бүрэн нэвтрээгүй байгаа ч МЗХ залуучуудаа чадавхижуулах, цагийн хувиарлалт хийж сурах, үр бүтээлтэй өнгөрөөх, нэг дор олон зүйлийг амжуулж сурах, ажлын амтыг мэдэрч өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох, мөнгөний үнэ цэнийг мэдэрч зөв зүйлд зарцуудах гээд олон зүйлийг залуучууддаа ойртуулах үүднээс цагийн ажлыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа юм байна.  Иймээс оюутан, залуучууд та бүхэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ орлоготой болохыг хүсвэл Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн 94-321814, 86-321814 дугаарт холбогдох, эсвэл www.myjob.mn хөдөлмөр зуучлалын ухаалаг системд бүртгүүлснээр цагийн болон байнгын ажлын байраар хангагдах боломжтой юм.